Шударга мэдээ
Есөн чиглэлд нислэг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа

Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзний үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодит ажил болж байна.
Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа орон нутгийн 9 чиглэлд 7 хоног 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж байна.
Иргэддээ ээлтэй, зочиддоо хүндлэлтэй орон нутгийн нислэгийн хуваарь, тарифыг танд танилцуулж байна.
Орон нутгийн нислэг сэргэснээр:
-Хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болно
-Хөгшин хөвөө, нялх нойтон хүүхэдтэй болон газраар зорчих боломжгүй өвчтэй зовлонтой иргэдээ агаарын тээврээр зорчих боломж нээгдэж байна
-Ирсэн жуулчдаа улаанбаатарт уяад, уйдаагаад байлгүй орон нутагт аялах, байгалийн үзэсгэлэнт газруудад очих боломжийг нээж аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
-Ховд, мөрөн, даланзадгад, чойбалсан гэсэн орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гарна.
-Орон нутгийн нислэгийн тийз 2-оос 2.5 дахин хямдарснаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ.
Эх сурвалж: ЗТХЯ
Шударга мэдээ
Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд нийцүүлэн өөрчлөх, Гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих ажлыг цахимжуулахыг даалгалаа.
Манай улсад гадаад худалдаа эрхлэгчийн бүрдүүлж байгаа маягтуудаас гаалийн мэдүүлэгт хамгийн их буюу 116 төрлийн, улсын бүртгэлийн гэрчилгээ хамгийн цөөн буюу найман төрлийн мэдээллийг агуулдаг. Экспортын үйл ажиллагаанд 40 гаруй бичиг баримт бүрдүүлж байгаагаас зарим тохиолдолд дунджаар 6-12 удаа давхардуулан шаардаж байна.
Гадаад худалдаанд тулгарч буй эдгээр хүндрэлүүдийг цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн боловч системийн санхүүжилттэй холбоотойгоор ажил удааширчээ. Иймд санхүүжилтийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө.
Хилээр экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дээж өгөх, хариу авах үйл ажиллагаа нь голчлон Улаанбаатар хот дахь Гаалийн төв лабораториос хамаарч байгаа нь экспортыг удаашруулах нэг хүчин зүйл болж байна. Тухайлбал, нүүрсний дээжийг гаалийн төв лабораторид өгөөд хариу авах хүртэл дунджаар долоо хоног, хамгийн ихдээ 35 хоног хүртэл зарцуулж байна. Мөн хилийн Гашуунсухайт боомт дахь шинжилгээний лабораторийн барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжүүд бэлэн болж байгаа ч үйл ажиллагаа эхлээгүй байна. Иймд тус тогтоолоор мөн,
- Гаалийн Төв лабораторид шинжлэх нүүрсний дээжийг 48 цагийн дотор магадлан шинжилгээний дүгнэлтийг гаргах боломжийг 2025 оны наймдугаар сард багтаан бүрдүүлэх,
- Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийг 2025 онд багтаан ашиглалтад оруулах,
- Бусад боомтын лабораторийг ашиглалтад орох хүртэл хугацаанд хувийн компаниудын лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн системд 2025 оны гуравдугаар улиралд багтаан холбох ажлуудыг хийж гүйцэтгэхийг Гаалийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгов.
Шударга мэдээ
Отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол гарлаа.
Бэлтгэл хангах ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталлаа. Өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах, улсын хэмжээнд шаардлагатай улаанбуудай, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээлийн хэрэгцээ, хангамжид үндэслэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын зохистой харьцааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үндэсний үйлдвэрүүд, холбогдох төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, малчин өрхийн хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамруулах, дотуур байраар хангаж ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Шударга мэдээ
“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгана
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай нь уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа.
- 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгах, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авах,
- Уурхайн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дизель түлш, шатахууны нөөц, тэсрэх бодис зэрэг чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх,
- Нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагатай үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн нөөц бүрдүүлэх,
- “Шивээ-Овоо” ХК-д хуримтлагдсан өр, төлбөрийн асуудлыг судлан, шийдвэрлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах, цаашид өр төлбөр үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын нүүрсний борлуулах үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос бодитой тогтоох тогтолцоог бүрдүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх,
- Стратегийн ордын нөөцийг олон улсын хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцүүлэн тогтоож, үнэ цэнийг нэмэгдүүлэх, тус ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах асуудлыг судалж танилцуулах,
- Говьсүмбэр аймгийн төвийн дулаан хангамж, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажилд дэмжлэг үзүүлж, шинээр байгуулах 20 МВт дулааны цахилгаан станц байгуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн нөхцөл байдлыг сонсож, албан хаагчидтай уулзах үеэр уурхай ашигтай, тогтвортой ажиллагааг хангаж уурхайн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулсан. Гүйцэтгэлийн үнэлгээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаа компанийн удирдлагууд илэрхийлээд байна.
-
Цаг үе2020/08/27
“Насны хишиг”-ийн тэтгэмжийг дансандаа авах боломжтой
-
Улстөр нийгэм2022/04/21
Төрийн банк малчдад зориулан “Таван Эрдэнэ” хадгаламжийг гаргалаа
-
Цаг үе2024/06/10
Сэлбэ гол үерийн түвшинг даван үерлэсэн хэвээр байна
-
Цаг үе2023/04/07
“Авто зам-Экспо 2023” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна...