Цаг үе
Ц.Цэцэнзориг: “Хөрөнгө оруулалтын сан” Хөвсгөл аймагт хийгдэх төслүүдийг дэмжиж ажиллана
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзоригоос тодрууллаа.
-Сүхбаатарын талбайд “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан юу байв?
-Нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, ард иргэдтэйгээ хамтын ажиллагаа өрнүүлэхээр хотод ажиллаж, амьдардаг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуус санаачилж “Хөрөнгө оруулалтын сан” байгуулахаар болсон. Хөвсгөл аймагт хийгдэх төслүүдийг дэмжиж ажиллах юм. Аливаа зүйл мэдээлэлгүй, мэдлэг багатайгаас болж санхүүгийн эрсдэлд ордог. Тэгвэл “Хөрөнгө оруулалтын сан” нь мэргэжлийн байгууллага юм. Тус сан иргэдийг санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний бизнес, хөрөнгөө удирдахад туслах, чиглүүлэх бидний ярьдгаар “долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг маш нарийн дүрэм, журамтай, санхүүгийн сахилга батыг дээд зэргээр сахидаг байгууллага.
Монгол Улсад ийм хөрөнгө оруулалтын сан олноор бий болж байна. Банкуудад биш сангуудад тулгуурласан бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой. Үүний эхлэл болгож Хөвсгөл аймагтаа анхны жишиг “Хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэж цаашид ийм олон сангуудыг хөгжүүлэхээр зорьж байна.
-Нутгийн зөвлөлийн шинэчлэлийн нэг нь ил тод “Шилэн” байх зорилтыг тусгасан байсан?
-Олон нийтийн оролцоонд тулгуурласан төрийн бус байгууллагууд “шилэн“ байх ёстой гэж боддог. Тэдний оролцсон оролцоо, хандив, тусламжийн тайланг цаг тухайн үед нь ил тодоор тавьж байх хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн оролцох хүмүүст итгэл төрүүлэх юм. Хамтын ажиллагааг өрнүүлэх гэж байгаа л юм бол хэн, хэн хэрхэн яаж оролцоотой байгаа вэ гэдгийг ил байлгах юм. Өөрөөр хэлбэл, хэн санхүүгийн дэмжлэг болоод цаг хугацааг зориулсан, ямар авьяас чадвараар оролцсон гэдгийг байнга бүртгэж тайлагнаж явах ёстой. Ингэснээр бид олон хүнийг байгууллагадаа татан оролцуулж, улмаар бие биеэсээ харилцан дэмжлэг, тусалцаа авдаг, хамтдаа хөгждөг органик нэгдэл болох учиртай.
-“Нээлттэй Хөвсгөл” өдөрлөгөөр олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ялангуяа бизнес уулзалтыг сонирхсон хүн олон байна?
-“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгийн хүрээнд 12 төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах санаа аймагтаа ажиллаж, аялж байхад төрсөн гэх үү дээ. Энэ зун манай аймагт томоохон баяр наадам, эвент арга хэмжээ олон болсон. “Сарлагийн фестиваль”, “Алунгоо хатны баяр”, "Монгол бөхийн шүтээн”, “Хийморь цогцолбор” барьж байгуулсны баяр гээд бүх арга хэмжээнд нь бид оролцсон.
Манай монголчуудын тухайд нутагтаа очих, нутгийнхаа аливаа арга хэмжээнд оролцож, анги хамт олонтойгоо уулзаж, холбоотой байя гэсэн сэдэл, эрмэлзэл хүн бүрт байна.
Харин баяр ёслол бүгдээс ажиглагдсан нэг зүйл гэвэл ажил хэрэгч уур амьсгал энэ үеэр бүрддэггүй юм шиг санагдсан. Тиймээс зөв зүйтэй тодорхой зүйлд ажил хэрэгч хандлага хэрэгтэй. Энэ хандлага руу бид чиглүүлэх нь цаг үеэ олох юм шиг санагдсан.
Ялангуяа Улаанбаатар хотынхонд, цаашлаад дэлхийд Хөвсгөлийнхнөө зөвөөр таниулах, салбар, салбарын төлөөллийг танилцуулах ажил хэрэгч уулзалт чухал санагдсан. Эдийн засаг хүнд байгаа энэ үед байгаа боломжоо бусадтайгаа хуваалцах, бараа солилцоо яагаад хийж болохгүй гэж.
Нутаг дотроо, ах дүү дотроо яагаад бид ажил хэрэгч санал тавьж уулзалт хийж болохгүй гэж. Тиймээс Хөвсгөл нутагт ажиллаж, амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр л зорьсон.
-Бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Нутгийнхны оролцоо, дэмжлэг, хандлага ямар байна вэ?
-Нутгийн зөвлөл үүргийнхээ хүрээнд энэ ажлыг санаачилж сар гаруйн өмнөөс ажиллаж эхэлсэн. Хүмүүсийн оролцоо идэвх сайн, халуун дотноор хүлээн авч байна. Салбар салбарынхаа төлөөллийг оролцуулахаар сумдынхаа Нутгийн зөвлөлөөс судалгаа авсан. Хэр дэмжлэг авах, хэр зөв байх нь биднээс шалтгаална.
Мэдээж хүмүүс ажиглана, оролцоно, дараа нь дүнгээ тавина. Бидэнд цаашид хийх ажил зөндөө. Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг хүмүүсийг нэгтгэж, арга хэмжээнд татаж оролцуулснаараа үр дүнтэй болж, эргэх холбоогоо тогтоож,цаашид хамтын ажиллагаа сэргэх болно. Зөвхөн сэтгэлээр сэрэх биш харилцан ашигтай, амьдралынх нь чанарт өөрчлөлт оруулснаараа л бид хамтдаа хөгжинө, аймгаа ч хөгжүүлнэ.
Наад зах нь бид судалгаа, мэдлэг, мэдээлэл сонголтыг өгч байх хэрэгтэй. Хотод хөдөөнөөс ирээд 20 хоногт бүтээх ажлыг хоёр хоногт бүтээгээд өгдөг мэдээлэлтэй болгохыг зорьж байна. Ийм байдлаар ажиллавал манайд хандах иргэд нэмэгдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Цаг үе
Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна
Энэ сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 26-28 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 08-нaaс
2026 оны наймдугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 10, 11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст халж шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь орчмоор 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 35-40 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна. Наймдугаар сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
