Цаг үе
Хог хаягдлын экспортын дийлэнхийг хаягдал төмөр эзэлж байна
БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар хуванцар сав (РЕТ) монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 2 хувь, нийтийн орон сууцны айлын 5 хувь, таун хаусны айлын 7 хувийг, хатуу хуванцар (HDP, LDPE, PVC) нь монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 1 хувь, нийтийн орон сууц 4 хувь, таун хаусны айлын 3 хувийг эзэлж байна.
Хатуу хог хаягдлын нийт хэмжээ 2021 онд 2814.2 мянган тонн болж, 2020 оноос 163.1 мянган тонноор буюу 5.5 хувиар буурсан байна.
Нийт хатуу хог хаягдлын 39.3 хувийг эдийн засгийн салбарууд, 54 хувийг өрх үүсгэж байгаа бол зөвхөн 6.6 хувийг дахин ашиглаж, боловсруулахаар цуглуулж байна.
Хатуу хог хаягдлын дансны нөөцөд хог хаягдлын импорт маш бага буюу 0.1 хувийг эзэлж байна. Хатуу хог хаягдлын импортын ихэнхийг хаягдал даавуу эзэлж байна.
Нийт хог хаягдалд энгийн хог хаягдал 92.1 хувь, аюултай хог хаягдал 7.9 хувийг эзэлж байна.
Хатуу хог хаягдлын 71.4 хувийг ландфиллд булж, 8.6 хувийг шатааж устгасан бол 11.7 хувийг байгальд шууд хаясан байна.
Нийт 643 тонн хог хаягдлыг экспортод гаргажээ. Хог хаягдлын экспортын ихэнхийг хаягдал төмөр эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна.
Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг харуулж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Цаг үе
Туул голд живж эхэлсэн эмэгтэй, хүүхдийг эсэн мэнд аварчээ
Налайх дүүргийн “Аав мод” амралтын газрын орчимд Туул голд хийлдэг гудастай хөвж яваад живж эхэлсэн 23 настай эмэгтэй, найман настай охиныг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд аварчээ.
Тодруулбал, завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын алба хаагчид 17:45 цагийн орчимд тухайн иргэдийг аварч, аюулгүй бүсэд шилжүүлсэн байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийг гол, нуурын усанд зориулалтын бус хийлдэг гудас, тоглоом ашиглахгүй байхыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг сэрэмжлүүлэв.
Цаг үе
Төв аймаг 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгээд байна
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа.
Тэд Төв аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсон байна. Мөн холбогдох яамдтай хамтран зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд халаалтын зуух, дулааны станц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа юм.
Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт Төв аймагт 80 хувьтай байна. Хэрэгжилтийн хүрээнд 15 суманд үзлэг, хяналт шалгалт хийж, 12 зөрчил илрүүлснээс 10-ыг нь газар дээр нь арилгуулжээ. Мөн 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Уулзалтаар Төв аймагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, холбогдох яамдад дараах чиглэлээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр болов.
Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтран шийдвэрлэхээр болов.
Мөн Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжийг судлах чиглэл өгчээ.
Үүнээс гадна шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх, аймгийн хэмжээнд намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэхээр холбогдох албаныханд үүрэг болголоо.
Цаг үе
Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус төсөл Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж буй.
Өнөөдрийн байдлаар үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн барилга, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол мэдээллээ. Нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс бүх тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байна. Аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгын ажлыг эхлүүлнэ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.
Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаа бөгөөд үүнээс 2.8 км авто замыг ашиглалтад оруулсан. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Дамбадаржаа дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвд нийт 63 МВт дулаан нийлүүлэх юм. Нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадал нэмэгдэж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэхийн зэрэгцээ өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулаан, цахилгааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.


-
Шударга мэдээ2020/01/09
АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ
-
Шударга мэдээ2022/01/24
Энэ долоо хоногт Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Цаг үе2026/01/15
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ
-
Цаг үе2019/08/21
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
