Шударга мэдээ
Ахмад дайчин Ц.Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо
Энэ өдрүүдэд Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой тохиож байна. “Суман дундуур гүйж явлаа” хэмээн дурсах Ц.Чимэдцэрэн гуай өдгөө 100 гаруй нас зооглож байна. Ялалтын ойн баярын хамгийн хүндтэй зочин тэр бээр Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон 14-18 насны 16 охины нэг. Чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин юм.
Ц.Чимэдцэрэн гуай 1939 онд Халхын голын байлдаан эхлэхэд 15 настай, Баяндунгийн охидын түр сургуульд сурч байсан. “Гэнэтийн дайралт боллоо гэхийг сонсоод, дайн болж байгаа газарт очиж туслая. Юу хий гэснийг хийнэ” хэмээн бусдыгаа уриалан тэргүүн фронтод очиж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Тэрбээр түүхт ялалтын баярын хуралд оролцож, Монгол, Оросын ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, зочид, иргэдийн төлөөлөлд баяр хүргэлээ.
Энэ ялалт монголчууд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн түүхэн үйл явдал гэдгийг онцоллоо.
Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн, түүхэн сургамжийг ирээдүй хойч үедээ өвлүүлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх ёстойг тэмдэглэв.

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Чойбалсан хотод ЗХУ, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг нээж, Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Монгол, Оросын Зэвсэгт хүчний анги, салбаруудын цэргийн ёслолын жагсаалын өмнө Халхын голын байлдаанд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргийн нэгтгэл, ангиудын байлдааны тугийг залж, хүндэтгэл үзүүллээ.



Мөн энэ өдрүүдэд Монгол-Оросын хамтарсан байлдааны буудлагатай “Сэлэнгэ-2024” цэргийн сургууль боллоо. Сургуульд хоёр улсын хуурай зам, агаарын цэрэг, тусгай ажиллагааны 700 гаруй цэрэг, 200 орчим техник, хэрэгсэл оролцлоо. Энэ сургуулийг 2008 онд “Дархан”, 2011 оноос “Сэлэнгэ” нэртэйгээр хоёр улсын нутагт жил бүр зохион байгуулж байна.
Энэ нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, алба хаагчдын мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, зэвсэглэл-техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Халхын голын түүхт ялалтын 85 жилийн ойн арга хэмжээ Халх гол суманд үргэлжинэ.





Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
