Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, цаг агаар тогтуун байна.
2024 оны арвнэнэгдүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 06-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн баруун хагаст, 9-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2025/06/17
ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дуусав
-
Улстөр нийгэм2020/06/30
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг ирэх баасан гарагт товлолоо
-
Цаг үе2025/02/03
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
-
Цаг үе2022/08/29
ЕБС-ын нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацаа өнөөдөр 12:00 цагт дуус...

