Цаг үе
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд тус улсын Баку хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ манай улс хамтран зохион байгуулах уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт зарим улсын төрийн тэргүүний хамт оролцоно.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.
Цаг үе
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд 5 га талбайг чөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн бямба гарагт тус байршилд ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “1984 оноос хойш 41 жилийн хугацаанд Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотын барилгажих үйл явц маш удаашралтай байна. Иймээс нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлэхээр ирэх тавдугаар сард багтаан ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргаж, ТЭЗҮ-ийг дахин шинэчилсэн юм. Шинэ ТЭЗҮ-д уг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан 10 га талбайд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барьж багтахгүй гэдэг дүгнэлт гарсан. Иймээс газар чөлөөлж, нийт 15 га талбайд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Тиймээс 5 га талбайн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж буй 26 иргэн, хуулийн этгээдийг дулаан болон цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх их хотын бүтээн байгуулалтад эх орончоор хандаж, зөвшилцөхийг уриалж байна” гэв.
Газрыг чөлөөлөхдөө нөлөөлөлд өртөж буй аж ахуйн нэгж байгууллагуудад Газрын тухай хуульд заасны дагуу нөхөн олговрыг өгөх, эсхүл дүйцүүлж газар олгоно гэдгийг мөн онцолсон юм.
Төслийн ач холбогдол:
- ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Толгойт, Баянголын ам, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
- Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
- Ойролцоогоор 51 мянган айлыг төвийн дулаан хангамжаар хангана. Өөрөөр хэлбэл иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
- Агаарын бохирдлыг бууруулна.
- Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
- Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ.
- Дулаан болон уур үйлдвэрлэх хүчин чадалтай. Уур үйлдвэрлэснээр тухайн орчимд байрлах хүнс болон боловсруулах үйлдвэрүүдийн бүтээмж нэмэгдэнэ.
Мөн Улаанбаатар хотын инженер хангамжийн төлөвлөгөөнд Амгалан ДЦС-ийг дахин өргөтгөж, хотын зүүн бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр ТЭЦ 4-ийн хотын зүүн бүс рүү түгээх ачаалал буурах ач холбогдолтой.
Цаг үе
Б.Мөнхбат: Далд авто зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажил үргэлжилж байна
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн.
Далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажил үргэлжилж байна. Ирэх долоодугаар сарын 1-нд цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах бол гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна.
Энэ талаар НХОГ-ын дарга Б.Мөнхбатаас тодруулахад “Гурван давхар объектод тухайн байгууламжийн дэд бүтцийн узель, жуулчдад мэдээлэл өгөх мэдээллийн төв, жуулчдад зориулсан үндэсний үйлдвэрлэлийн үйлчилгээний талбай болон хүүхдийн цэцэрлэг байхаар төлөвлөсөн. Мөн тодорхой хэсгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах ч боломжтой талбай бий. Үйлчилгээний объект ашиглалтад орсны дараагаар нийслэлийн холбогдох байгууллагууд тухайн объектод орох үйлчилгээний төвүүдийн асуудлыг шийднэ” гэлээ.
Цаг үе
Умайн хүзүүний хорт хавдрыг устгах санаачилгыг эрчимжүүлэх үйл ажиллагааг Хан-Уул дүүргээс эхлүүллээ
ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга хэмжээг Монгол Улсад эрчимжүүлэхэд 90 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эрт илрүүлгийн оношлуурыг шийдвэрлэж нийслэлийн Хан-Уул дүүргээс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
Монгол Улсад Умайн хүзүүний хорт хавдраар жил бүр 500 орчим эмэгтэй оношлогдож, тэдгээрийн 40 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны гуравдугаарт орж байна.
ДЭМБ-аас энэхүү өвчлөлийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол Монгол Улсад 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдлын тоо 22.4 хувиар, 2050 он гэхэд 77.6 хувиар нэмэгдэх төлөвтэй байна гэж тооцоолсон аж.
-
Улстөр нийгэм2021/04/28
Сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дуга...
-
Улстөр нийгэм2021/05/21
УИХ-ын дарга Улаанбаатар-Эрхүүгийн цахим буухиад оролцож, үг хэллээ
-
Цаг үе2024/05/30
Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлээрэй
-
Улстөр нийгэм2021/09/30
Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл ө...