Цаг үе
“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос худалдаанд гарлаа
Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнээс илрүүлсэн Монголын Эзэнт гүрний үед холбогдох Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгал болон түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан соёлын өвүүдийг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа.
Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургууль дээр зохион байгуулагдсан “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум” арга хэмжээний үеэр тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулав.
Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон суурины ёроол хэсэг болон далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны компьютер график ашиглан сэргээсэн загварыг дүрсэлсэн. Мөн зоосны дээд хэсэгт “Хубилай хааны усан Флот” гэж, доод хэсэгт энэхүү олдворын илэрсэн газар болох “Такашима” арлын нэрийг бичжээ. Такашима нь “Шонхрын арал” гэсэн утгатай бөгөөд хөлөг онгоцны дээр шонхор шувууг нисэж буйгаар дүрсэлсэн.

"Хубилай хааны усан флот" дурсгалын зоосны үзүүлэлт:
- Жин: 50 грамм
- Он: 2024
- Нэрлэсэн үнэ: 750 төгрөг
- Металл: Зэс (Алтаар бүрсэн)
- Диаметр: 38.61 мм
- Чанар: Proof
- Технологи: Smartminting, Ultra High Relief
“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос дээр дүрсэлсэн зураглал болон баримтжуулалтыг сүүлийн 30 жилийн хугацаанд судалсан Япон улсын судлаачдын ажлын үр дүнгээс сэдэвлэсэн бөгөөд зоосыг бүтээхэд тус улсын Мацүра хотын захиргаа, музей, “Нара” их сургууль, Кокүгакүин их сургуулиас албан ёсны зөвшөөрөл авч, Фукүока дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран ажиллалаа.
Ташрамд дурдахад, Монголбанкны Эрдэнэсийн сан нь 2015 онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан “Хубилай хаан” 25 гр, мөнгөн дурсгалын зоос, 2018 онд Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улс-Япон Улс” 1 унц, мөнгөн дурсгалын зоос, 2022 онд “Монгол-Япон 50 жил” 5 гр, ялтсан мөнгөн дэвсгэрт, 2024 онд Монголбанкны 100 жилийн ойн хүрээнд “Хубилай хааны зарлиг” ялтсан мөнгөн дэвсгэртийг /5 гр, 1 унц/ үйлдвэрлүүлэн худалдаанд гаргаж байсан юм.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.
Эх сурвалж: Монголбанк
Цаг үе
ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд хэрэгжүүлж буй хүний эрхийн сургалт, нөлөөллийн ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудыг тусгасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоолын 6.3-д хууль сахиулагч бэлтгэх сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийх, хүний эрхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэ арга хэмжээний хүрээнд хүний эрхийн боловсролын үзэл баримтлал, агуулга, арга зүйг төрийн цэргийн болон хууль сахиулах сургалтын байгууллагуудын сургалтын үйл явцад бүрэн хэвшүүлж, ахлагч, офицер, удирдах ажилтан бэлтгэх бүх түвшний сургалтын хөтөлбөрт тусган баталгаажуулж, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах зорилгоор “Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ(103)” чиглэлийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн үнэлгээ хийж байна.

Эдгээр сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж, сайжруулснаар батлан хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвших, алба хаагчдын хүний эрхийн чадамжийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Комиссын гишүүн Б.Энхболд, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, үнэлгээний багийн шинжээчид 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үнэлгээний ажлын удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.
Цаг үе
Юнайтед Эйрлайнс компанийн онгоц буух үеэрээ гэрлийн шон мөргөжээ
АНУ-ын Нью-Жерси мужид зорчигч тээврийн онгоц буух үеэрээ зам дагуух гэрлийн шонг мөргөсөн хэрэг гарчээ. Холбооны Нисэхийн захиргааны мэдээлснээр, уг хэрэг орон нутгийн цагаар 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагийн орчимд болж, Юнайтед Эйрлайнсийн 169 дугаар нислэг Ньюарк хотын нисэх буудалд буух үедээ Нью-Жерси мужийн хурдны замын хажуугийн гэрлийн шонтой шүргэлцжээ.
Италийн Венец хотоос ниссэн тус Бойнг 767 онгоц мөргөлдсөн ч хэвийн газардаж, зорчигч болон багийн гишүүд гэмтээгүй байна.
Харин онгоц шонтой мөргөлдөх үед замаар явж байсан ачааны машины жолооч бага зэргийн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн тухай орон нутгийн албаныхан мэдээлжээ. Одоогоор онгоцонд учирсан гэмтлийг шалгаж, нислэгийн багийг түр хугацаанд үүргээс нь чөлөөлөөд байна. Мөн National Transportation Safety Board болон холбогдох байгууллагууд уг хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Цаг үе
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргээс энэ хэсэгт тоосгон гараашийг буулгаад эхэлжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилгын эзэмшигчтэй зах зээлийн ханшаар нь тохиролцож, газрыг чөлөөлөх хүсэлтэй байна. Олон жил болсон энэ байшин нурах дөхсөн, хогийн цэг үүссэн, хүмүүс хоног төөрүүлж, хэрэг зөрчил ч гарах болжээ. Энд шинээр байшин барих боломжгүй, барилга хоорондын зай стандартад нийцэхгүй байна. Тиймээс газрыг нийтээр нь чөлөөлөөд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж хийе. Иргэд амарч, зугаалах талбай хэрэгтэй. Мөн ухаалаг хогийн цэгтэй болгоё. Цэвэр, эрүүл, тухтай орчныг бүрдүүлье. Энэ барилгыг Гандирс гэж компани эзэмшдэг бололтой. Эзэмшигчтэй холбогдож, саналаа хүргүүлнэ” гэлээ.
