Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Тэгшбаяр: Далд зогсоолын ажил 95 хувьтай, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлнэ

Огноо:

,

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар далд зогсоолын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Харин хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлэх юм. Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн удирдлагаас тодрууллаа.

“Бодь Пропертийз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр: “Урт цагааны суурин дээр нийт таван блок далд гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэн барина. Өнөөдрийн байдлаар 109 машины зогсоолтой далд гараашны төмөр, бетон бүтээцийн ажлыг бүрэн дуусгасан буюу нийт ажил 95 хувьтай байна. Цэцэрлэгт хүрээлэнг дулаарч эхлэхээр буюу гуравдугаар сараас барихад тохиромжтой. Тиймээс ирэх гуравдугаар сараас ногоон байгууламж, явган хүний зам, усан оргилуурыг хийж эхэлнэ. Манай компани энэхүү цэцэрлэгт хүрээлэнг зундаа багтааж нээх зорилгоор тасралтгүй ажиллаж, давхардсан тоогоор 4400 гаруй хүн ажиллаж байна” гэв. Биднийг очиход хамгийн доод B1 давхартайгаа нийлээд нийт 4 давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгын баганын арматур хийгдэж байв. Хүйтний улиралд барьж байгаа учраас бетоны чанарыг алдагдуулахгүйн тулд дулаан хадгалах технологи ашигладаг байна. Одоо баригдаж буй барилга нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх юм. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн

Огноо:

,

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, Төлөөлөгч Б.Золзаяа, Э.Хулан, Э.Одонтуяа нар УСУГ-т ажиллалаа. Өдгөө 66 жилийн, 1900 гаруй ажилчинтай тус байгууллагын жаргал, зовлон нийслэлчүүдэд шууд хамаатай.

Ундны ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, усны ухаалаг хэрэглээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагаа, Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээг хянах, удирдах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг УСУГ-ын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, ирээдүйн зорилтыг онцлон Ц.Төрхүү дарга мэдээлэл өгч, танилцууллаа.

Тэрбээр, “Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдал, ахуйн болон аюултай хог хаягдлаас болж лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Энэ бол аюул. Манай тулгамдсан асуудал. Яагаад бэрхшээл вэ гэхээр, Улаанбаатарын хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц Төв цэвэрлэх байгууламжийг л чухалчлаад яриад байдаг. Гэтэл эдгээр долоон байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад хоногтоо хамгийн ихдээ 200-аад мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энэ ачаалал 3-4 дахин нэмэгдчихсэн. Тэр хэрээр лагийн хэмжээ ихсэж байна. Хоёрдугаарт, усны үнэ тариф, татаасын асуудлыг ярихгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо ч бид зардлаа даахгүй. Тиймээс ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, бусад асуудалд анхаарахгүйгээр нийслэлчүүдийн ус хангамж найдвартай боллоо гэж санаа амрах нөхцөл үүсэхгүй” гэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Цэнхэр алт болох ус шавхагддаг баялаг. Бодлогын хувьд шийвэрлэх, хамтран ажиллах, зайлшгүй олон нийтэд тулгамдсан асуудлаа танилцуулж ойлгуулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын нийт Төлөөлөгчдөд танилцуулахаас гадна “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэн, ухаалаг хэрэглээг таниулах ажлыг хамтарч эхлүүлье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

О.Батнайрамдал: Бакалаврын төвшинд суралцагчдад тэтгэлэг, магистр, докторын төвшинд бол зээл олгохоор зохицуулах нь зөв байна

Огноо:

,

Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцсан юм.

-Ажлын хэсэг байгуулагдах шаардлага юу байв?

-Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан юм. Хамгийн үнэ цэнэтэй, тэр хэрээрээ хамгийн их хөрөнгө оруулалттай сан юм. Гэхдээ энэ сан өнгөрсөн хугацаанд зээл олгох журмаасаа эхлээд эргэн төлөлт хүртэл олон асуудлыг дагуулсаар байна. Нийтдээ 360 тэрбум төгрөгийн гадаад зээлийн санхүүжилт олгосон боловч эргэн төлөлтөд асуудал үүсч байна. Боловсролын зээлийн сан журмаар зохицуулагдаж ирсэн. Энэхүү мөрдөгдөж буй журам 27 хуудас бүхий олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсон учраас ойлгомжгүй, ишлэлээс ишлэгдсэн маягтай баримт бичиг болжээ. Тиймээс журам бүрэн шинэчлэглэх зайлшгүй шаардлага үүссэн. Ингээд 2025 оны сонгон шалгаруулалтаас өмнө Боловсролын сангийн зээлийн журмыг шинэчлэхээр ажиллаж байна. Манай ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох яаманд хүргүүлэхэд бэлэн болоод байна.

-Боловсролын зээлийн сангийн журмын төсөлд ямар ямар өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан бэ?

- Ер нь бол Боловсролын зээлийн сан алсын хараагаасаа эхлээд стратегийн хувьд шинэчлэл хийх шаардлага буй болжээ. Жишээлбэл, Боловсролын зээлийн сан гэх атлаа нийт санхүүжилтийн 87 орчим хувь нь тэтгэлэг болж олгогдож байна. Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөх тусам хөдөлмөрийн зах зээлтэй уялдаад эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэй нийцүүлэн Боловсролын зээлийн сангийн стратегийг тодорхойлох ёстой. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн 35-45 хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт буюу бакалаврын боловсрол эзэмшихэд олгогдож байна. Гэтэл дэлхийн 100 топ сургуульд тэнцсэн хүүхдэд зээл хэлбэрээр олгогдож байна. Энэ нь харьцангуй ялгаатай байдал үүсээд байгаа юм. Мөн өндөр мөнгөн дүнгээр буюу 100-200 мянган ам. долларын зээл авсан оюутан бакалавраа төгсч ирээд зээлийг эргэн төлөх нь асуудалтай. Ер нь дөнгөж бакалаврын түвшний боловсрол эзэмшээд өндөр хэмжээний зээл төлөх нь хэцүү учраас зээлийн эргэн төлөлт ч тааруу явж ирсэнтэй холбоотой байх.

Тэгэхээр бакалаврын төвшинд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр тэтгэлэг, магистр, доктор буюу ахисан төвшинд зээл олгохоор зохицуулах нь зөв байна. Өөрөөр хэлбэл, ахисан төвшинд зээлээр суралцагч санхүүгийн хувьд зээлийг эргэн төлөх боломжтой болсон байна. Хоёрдугаарт, гадаадын их, дээд сургуульд суралцах хүүхдийн сонгон шалгаруулалтыг эрэмбэ, ерөнхий тест явуулж шалгаруулж байна. Зөвхөн эрэмбийг харах нь өрөөсгөл учраас тухайн хүүхэд өөрсийн санаачлагаар тэтгэлэг авсан бол үнэлэгдэж, оноожуулалтад нь ордог байх ёстой. Мөн тухайн сургуулийн төлбөрийн хэмжээг оноожуулалтад тусгах нь зөв хэмээн  үзэж байна. Яагаад гэвэл зарим сургууль эрэмбэ нь ойролцоо атлаа хэд дахин илүү төлбөртэй байх тохиолдол байдаг. Жишээлбэл, АНУ-ын Стэнфордын Их сургуульд 200 мянган ам.доллараар суралцуулахаар нэг хүүхэд явуулах нь уу эсвэл эрэмбээрээ ойролцоо Токиогийн их сургуульд яг энэ төсвөөр 10 хүүхэд суралцуулах уу гэдгийг бололцох ёстой. Энэ мэт уялдааг оноожуулалтад шингээж өгч байж, харилцан ашигтай, хүртээмжтэй зээлийн олголтыг шинэчлэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзсэн.

- Төрийн албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зээлийн сангаас тэтгэлэг өгч болох уу?

- Төрийн албан хаагчдыг бодлогоор дэмжин чадавхжуулах хүрээнд гадаад болон дотоодын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлнэ. Мөн шаардлагатай тохиолдолд гадаад хэлний бэлтгэлд хамруулах боломжийг олгоно. Түүнээс гадаадад суралцаад төгссөн хүүхэд тухайн орондоо ажлын туршлага хуримтлуулж ирэх боломжийг олгох уян хатан зохицуулалтыг тусгалаа. Хэрвээ эргэн ирэхгүй бол тэтгэлэг зээл хэлбэрт шилжиж, эргэн төлөгдөх нөхцөлттэй байна. Тухайн суралцагч энэ бүхнээ бүрэн ялгаж ойлгосон байхын тулд журмын шинэчлэл мөн чиглэж байна. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн буцалтгүй тусламжаар суралцах боломжийг журамд тусгах ёстой юм.

 -Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгох зарчмаар төсөвлөсөн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?

- 2025 оны улсын төсөвт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд 158,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Түүний 33,6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихээр тусгасан. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт заавал хийгдэж байж Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй бол дотоодын их,дээд сургуульд суралцагч хүүхдүүд Монгол банкны хар жагсаалтад бичигддэг. Харин гадаадад суралцахаар зээл аваад эргэн төлөлт хийгээдгүй бол энэ хар жагсаалтад ордоггүй. Энэ ялгавартай байдлыг халах хэрэгтэй учраас журмын төсөлд санал тусгасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн санг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд шинэчлэл хийхээр саналыг боловсруулсан юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриаллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Прага хотноо болсон Чех-Монголын бизнес форумд хоёр орны төрийн тэргүүн оролцож, харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Хоёр Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Эрхэм хүндэт бизнесийн төлөөлөгчид өө,

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэхээр бизнес форумд хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид, баялаг бүтээгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар үзэсгэлэнт сайхан Чех Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтарсан бизнес форумыг Эрхэм Ерөнхийлөгч тантай хамтран нээж байгаадаа баяртай байна.

Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй хэдий ч хоёр орны ард түмний харилцаа, худалдаа, эдийн засгийн харилцаа үүнээс ч олон жилийн түүхтэй билээ.

1920-иод оны эхээр тухайн үеийн Чехословак иргэд манай улсад анхны шар айрагны үйлдвэр байгуулах, цахилгаан холбоо суурилуулахад гар бие оролцож байсны зэрэгцээ Замын-Үүд чиглэлийн зургаан морин өртөөг хоёр иргэн зургаан жилийн хугацаатай түрээсэлж байсан мэдээ байдаг.

1990 оныг хүртэлх хугацаанд Чех Улс нь манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хоёр дахь том түнш байсан бөгөөд уул уурхай, ашигт малтмал, дэд бүтэц, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилгын салбарт хамтран ажиллаж байсан түүхэн уламжлалтай.

Тиймээс энэ уламжлалаа өнөө цагт улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа онцлон хэлье.

Чехийн “Шкода” автомашин, “Кароса” автобус, “Ява” мотоцикль, “Татра” хүнд оврын машин, гутал, буу зэвсэг, болор, шаазан эдлэл зэрэг нь монголчууд бидний хэзээний танил, хэрэглэж сурсан бараа, бүтээгдэхүүн бөгөөд эдгээрийн цаана “чех чанар” гэсэн ойлголт ямагт хамт байдаг билээ.

Чехийн Засгийн газар 1996-2017 онд манай улсад 50 гаруй сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлсэн нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан. Энэ хамтын ажиллагааг цаашид улам харилцан ашигтай хөгжүүлэхэд энэ бизнес форум чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн төрийн айлчлалаар хоёр улс “Иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Хамтарсан тунхаглал” гаргасны зэрэгцээ, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд чехийн дэвшилтэт техник, технологи, ноу-хау, инновац нутагшуулж, бизнес эрхлэгчдээ дэмжихээ илэрхийллээ.

Монгол Улсын төр, засаг “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод” шилжих суурь шинэчлэл хийж байна. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг стратегийн ач холбогдол бүхий, эдийн засгийг тэлэх 14 мега төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч, эдгээр санал, санаачилга, зорилтыг хэрэгжүүлэхэд бидний найдвартай түнш, өндөр аж үйлдвэржсэн чехийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт техник, технологи, инновац, хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй.

Энд хуран чуулсан бизнес эрхлэгч та бүхэнд ч бидэнтэй хамтран ажиллах хүсэл, сонирхол дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэчлэл хийж байгааг хэлэхэд таатай байна.

Далайд гарцгүй манай хоёр улсын хувьд ачаа бараа тээвэрлэлт бидний тулгамдсан асуудал байдаг билээ. Монгол Улс төмөр зам, автозам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг “гуравдагч хөрш” улсуудтай өргөжүүлэн хөгжүүлэх зарчим баримталж байна.

Чехийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг эрэлхийлэх сонирхолтой байна.

Хоёр улсын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч манай экспортын хэмжээ чамлалттай хэвээр байна. Иймд Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7,200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжийг ашиглаж, бизнесийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг уриалж байна.

Бизнес  форумыг зохион байгуулж буй хоёр орны төр, засгийн байгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн төлөөлөл, хамтрагч, дэмжигч байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

Та бүхнийг Монгол Улсад хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахыг урьж байна.

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЕТР ПАВЕЛ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Эрхэм сайд Липавский,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Өнөөдөр Чех-Монголын бизнес форумын нээлтэд оролцож, үг хэлэх завшаан тохиож байгаад баяртай байна.

Хоёр талаас ийм өндөр ирцтэй оролцоно гэж төсөөлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Монгол Улс хэдийгээр хүн амын хувьд жижиг зах зээл хэдий ч манай аж ахуйн нэгжүүдийн хувьд маш сонирхолтой зах зээл болсны илрэл гэж үзэж байна.

Бизнес форумыг зохион байгуулсан хоёр талын бүх хүн, байгууллагад талархал илэрхийлье.

Монгол бол бидний олон арван жил хамтран ажиллаж ирсэн уламжлалт түнш юм. Өнөөдөр миний бие Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хэлэхдээ, Монгол Улсын үйлдвэржилт, хөгжилд манай улс бага ч гэсэн хувь нэмрээ оруулсанд бахархаж явдгаа илэрхийллээ.

Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн Чехословакийн геологичид, Улаанбаатарын томоохон эмнэлгүүдийн нэгийг барьсан инженерүүд, цахилгаан станцуудад ажилласан мэргэжилтнүүдийг энд дурдаж болно.

Эрдэнэт бол бидний нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон. Чехийн аж ахуйн нэгжүүд энд орон сууц барьж, дулаанаар хангаж, үйлдвэр барихаар төлөвлөж, чех шар айраг хүртэл исгэж байна.

Бид аж ахуйн нэгжүүдээ зөвхөн бараа, бүтээгдэхүүнээ борлуулаад зогсохгүй, Монголын эдийн засагт бодитой, урт хугацааны нэмүү өртөг бий болгохын төлөө зорьж ажиллахыг дэмжиж ирсэн.

Бид үүнийг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа нь гарцаагүй. Энэ бизнес форум, бизнес эрхлэгчид ч үүнд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр 70 шахам жил хамтран ажиллаж байгаа шигээ хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, барилга, усны менежмент, байгаль орчныг хамгаалах, батлан хамгаалах, тээвэр зэрэг бусад салбарт ч хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Энэ танхимд байгаа чехийн аж ахуйн нэгжүүд энэ талаар ярилцахад бэлэн байна. Бидний харилцан яриа гэж нэрлэдэг зүйлийг зөвхөн улстөрчид бус бизнесменүүд, эрдэмтэд, тамирчид, аялагчид бий болгодог.

Иймд өнөөдөр та бүхэн эдгээрийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд бодит ажлууд хийгдэж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох