Цаг үе
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүллээ
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Ийнхүү 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарласан бөгөөд өнөөдөр тендерийг нээлээ.

Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлсэн байна. Үнэлгээний хороо хуулийн хугацаанд буюу 15 хоногт үнэлгээгээ хийн, гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах юм. Харин барилгыг буулгах ажлыг барилгын улирал эхлэх үед буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Барилгыг буулгасны дараа 207 дугаар байрыг шинээр барих ажлын худалдан авах ажиллагааг зарлана” гэв.
Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны хохирсон айл өрх, иргэдэд түрээсийн байрны төлбөр болон бусад зардалд нийслэлийн зүгээс 3.8 тэрбум төгрөг гаргаад буй. Цаашид уг барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд тодорхой зардлыг гаргасан хэвээр байна гэдгийг тэрбээр мөн онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2023/01/16
Иргэний нийгмийн байгууллагуудын анхааралд
-
Цаг үе2026/05/25
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажил...
-
Улстөр нийгэм2020/11/18
УИХ-ын чуулган энэ долоо хоногт цахимаар чуулна
-
Урлаг спорт2021/08/12
"Токио-2020" зуны олимпоос медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад м...

