Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно
“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэж, арванхоёрдугаар сард 130 мянган төгрөг олгосон. Үлдсэн ногдол ашгийг энэ сарын 28 болон ирэх дөрөвдүгээр сард тэнцүү хувааж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны аравдугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 45 дугаар тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийн хооронд шинээр төрсөн, Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг төрийн эзэмшлийн хувьцаанаас үнэ төлбөргүй эзэмших шийдвэр гарснаар компанийн 26,4 хувийг Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүд 0,06 хувийг, “Эрдэнэс Монгол” ХХК 73,5 хувийг эзэмшиж байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг "Эрдэнэс критикал минералс" болгон өөрчиллөө
“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчилж, тус газрын дүрмийг хавсралтаар баталлаа.
Чухал ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Эрдэнэс критикал минералс" Төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэж заасан бөгөөд “Монголросцветмет” ТӨҮГ-ын дэд бүтэц, туршлага хүний нөөцийн чадвар, боломжийг харгалзан үзэж газрын ховор элементийн судалгаа, хайгуул, олборлолт, ашиглалт, баяжуулалтыг хариуцуулахаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг өөрчилж, үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөн дүрмийг шинэчилжээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тус үйлдвэрийн газрын дүрэмд өөрчлөлт орсноор “Эрдэнэс Монгол” ХХК нь нэгдлийн үйл ажиллагааг нэгдсэн стратеги төлөвлөгөө, менежмент, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу төвлөрүүлэн Хуримтлалын санд хуваарилж, үлдэх хэсгийг нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан, ирээдүйд орлого, үнэ цэнийг бий болгох бизнес хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах замаар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэдэд тэгш шударга хүртээх боломжийг бий болгоно гэж үзэж байна.
Товч мэдээ
- “Алт олборлолтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар” Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуудлан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг зохион байгуулж арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.
- Цахилгаанаар халаалтаа шийдвэрлэсэн айл өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулах талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уг асуудлыг Засгийн газрын дараагийн хурлаар дахин хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
