Улстөр нийгэм
Хүрээлэн буй орчны чиглэлээр ажиллах боловсон хүчин дутагдалтай байна
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжиллээ.
Хэлэлцүүлэг үдээс хойш “Хүрээлэн буй орчны стандарт ба эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд өрнөж асуудлаа хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийн эхэнд барилга, эрүүл мэнд, хүнсний стандартын чиглэлээр хийсэн хэлэлцүүлгүүдийн талаар товчхон дурдаад ажлын хэсэгтэй цаашид хамтран ажиллаж, салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохыг хүслээ. Мөн тэрбээр, хүний амьдралын чанар, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх давхардсан олон стандарт байна. Өнөөдөр бид тулгамдаж буй асуудлыг ярихаас гадна шийдлийг түлхүү ярилцаасай гэж хүсч байна гэлээ.
Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун болон салбарын төлөөлөл оролцлоо.
Эхний илтгэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Байгаль орчны салбарын бодлого, эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа.
2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамаарах 361 стандартад техникийн үзлэг хийж, өнгөрсөн онд 3 стандартыг шинэчилж, 8 стандартыг шинээр боловсруулсан байна.
Тус салбарын хэмжээнд 94 журам мөрдөгддөг. Салбарын хуулиуд, тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журамд дүн шинжилгээ хийж, харилцан үйлчлэл, уялдаа холбооны зураглал гаргах шаардлагатай байгааг тодотгов. Мөн боловсон хүчний дутагдалтай байгааг харгалзан үзэж, тэтгэлэгт хамруулах чиглэлээр бодлогын хэмжээнд анхаарах хэрэгцээ бий хэмээлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны хяналт, шинжилгээний хэлтсийн дарга С.Энхмаа Хүрээлэн буй орчны чанарын хяналт шинжилгээний өнөөгийн байдал, шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан юм.
Улаанбаатар хотын хувьд агаарын чанарын хэмжээг 24 цагаар хэмждэг бөгөөд итгэмжлэгдсэн 15 лаборатори, итгэмжлэгдээгүй 7 лаборатори үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт 110 инженер, техникчтэй. Мөн хүний нөөцийн дутагдалтай байгааг хэлж байгааг дурдаад, санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байгаа учраас цаашид бүсчилсэн лаборатори байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Дараа нь “Байгаль орчны үнэлгээний явц дахь хүрээлэн буй орчны хяналт шинжилгээ, тулгамдаж буй асуудал” сэдвээр Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбооны гишүүн, “Эм И Си Зэт Би” ХХК-ийн захирал Б.Заяатогтох, “Эрүүл мэнд ба хүрээлэн буй орчны стандарт” сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, “Хүрээлэн буй орчны тохирлын үнэлгээний итгэмжлэл” сэдвээр Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхбат нар тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгээс санал, зөвлөмж боловсруулан маргааш болох нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
Улстөр нийгэм
Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгөрөх боломжгүй гэж анхаарууллаа.
Reuters-ийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яам Украин Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөгт халдсан гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр халдлагын улмаас хөлөг дээр дэлбэрэлт болж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархаджээ.
Ираны тал уг халдлагыг “дайсагнасан, гэмт үйлдэл” гэж буруутган, Техран дахь Украины түр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Киев Украины дайны хүрээг тэлэхийг оролдож байна гэж үзэж буйгаа мэдэгдэж, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэдгээ онцолжээ.
Энэ хэрэг Орос, Украины дайн улам олон улсын шинжтэй болж буй үед гарч байна. Украин өмнө нь Каспийн тэнгист Ирантай холбоотой цэргийн ачаа тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцуудыг онилсон гэж мэдэгдэж байжээ.
Улстөр нийгэм
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Мөн айлчлалын үеэр Монгол-Тажикистаны бизнес дугуй ширээний уулзалт болон “Тажикистаны соёлын өдөр” боллоо.
Хүндэт зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар үдэж мордууллаа.

-
Цаг үе2021/04/14
Хөдөлмөрийн гэрээний 1 жилийн автомат сунгалтад Монгол Улсын 849 иргэн хамрагдан...
-
Цаг үе2023/01/16
“СМТ Штуттгарт” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс &l...
-
Цаг үе2022/01/12
Б.Азжаргал: Эдийн засагт сөрөг нөлөөгүй, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй байх...
-
Цаг үе2021/08/02
Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна
