Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр Прага хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Прага хотын “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ёслолын газрын захирал Томаш Перницкий болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтлаа.

Төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа болж байгаа юм.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Талууд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Улстөр нийгэм
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм. Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Улстөр нийгэм
Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн чөлөөлөлт”, “Эрх зүйн чөлөөлөлт”, “Авлигын эсрэг чөлөөлөлт”, “Ногоон хөгжлийн чөлөөлөлт” бодлогын хүрээнд 2026 оны зургаадугаар сард ажлуудыг нарийвчлан төлөвлөн хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг эрчимжүүлэх, шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг шуурхай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлээр холбогдох газрын дарга нарт үүрэг өгөв.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр бизнесийн орчны шинэчлэлийг нэн тэргүүний зорилт хэмээн онцолж, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслүүдийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцүүлэн батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Эдгээр хууль батлагдсанаар бизнес эрхлэх эрх зүйн орчин сайжирч, төрийн хүнд суртал, олон шат дамжлага буурч, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг бодитойгоор арилгах боломж бүрдэнэ хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн дараах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг шуурхай хангах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Үүнд:
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;
- Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж бэлтгэх;
- ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангах;
- Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах;
- Экспортын ажлын хэсгийн хүрээнд эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
- Эрчим хүчний салбарын стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг эхлүүлэх, гэрээг үзэглэх;
- Засгийн газрын байгууллагуудын бүтэц, орон тоо, чиг үүргийн давхардлын талаар нэгдсэн тооцоо, судалгааг яаралтай гаргах.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөгжлийн бодлогын зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.
Улстөр нийгэм
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
-
Шударга мэдээ2024/12/20
ЦЕГ: Реппер Roockie-г олж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
-
Шударга мэдээ2020/06/19
Тусгай үүргийн онгоц газардлаа
-
Үзэл бодол2022/09/07
Монгол Улсын Зэвсэгт хүчин дахин нэг рейнжертэй боллоо
-
Улстөр нийгэм2025/09/08
ABU-гийн 62 дахь Ерөнхий Ассамблей Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
