Шударга мэдээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь 13.5 хэвээр байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 792 000 төгрөг болж өөрчлөгдөнө. Харин шимтгэл төлөх хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байна.
Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг, эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх бол тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл 15840 төгрөгийг даатгуулагч өөрөө сар бүр хариуцан төлнө. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 000 төгрөгөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийн 11.5 хувиар тооцсон дүн буюу 91080 төгрөгийг улсын төсвөөс төлнө.
Шударга мэдээ
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа
Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна.
Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Шударга мэдээ
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.
Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
Шударга мэдээ
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Шүүхээс “Галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй байрыг улсын комисс хүлээж авсан гэх ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт бичсэн.
Зарим иргэний нэхэмжлэхийг тогтоосон мөрдөгчийн тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй учир дахин шинжээч томилохоор шийдвэрлэж, хэргийг прокурорт буцаалаа.
Мөн мөрдөн байцаагч шийдвэр гаргаж, зарим иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч бус этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь оролцогчдын эрхийг хязгаарласан. 207 дугаар байранд байсан зарим иргэнийг буруу тогтоосон. Зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Иймээс дахин шинжээч томилохоор шийдвэрлэжээ.