Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0-5 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 10-12 хэм дулаан байна.
2025 оны гуравдугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 21-нд нийт нутгаар хур тунадас орохгүй. 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 23-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Шударга мэдээ2020/09/11
Хиамны үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналтыг хийлээ
-
Шударга мэдээ2022/04/11
Зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгахаар ажиллаж байна
-
Цаг үе2023/12/25
Төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдад баяр х...
-
Улстөр нийгэм2020/06/13
Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна

