Цаг үе
Туулын хурдны зам төслийн хүрээнд 8 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар барина
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм.
Уг хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ.
Хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой төсөл юм.

Туулын хурдны зам бол Шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннель тус тус барихаар төлөвлөсөн. Жишээлбэл, Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц барина. Нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлоцол бүхий орох, гарах хэсэг нь Өөдөө тэмүүлэх гүүр, Богд уулын туннель, Хүннү хоттой холбогдож хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Яармагийн гүүрийн баруун хэсэг дэх орох гарах хэсэг нь төв замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох зорилготой. Төслийн барилга угсралтын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.
Цаг үе
Казахстан улсад хамгийн олон авлигын хэрэг бүртгэгдсэн байгууллагуудыг зарлав
Казахстан Улсад авлигын хэргүүд орон нутгийн засаг захиргааны түвшинд хамгийн олон бүртгэгдэж байгаа бөгөөд шүүхэд шилжүүлсэн албан тушаалтнуудын тоогоор тэргүүлж байна.
Авлигын хэрэгт 5100 гаруй хүнийг 2020-2025 онд яллагдагчаар татсан бөгөөд ойролцоогоор 3200 нь төрийн албан хаагчид байжээ хэмээн “The Caspian Post” мэдээлсэн байна.
Орон нутгийн гүйцэтгэх байгууллагууд “авлигын үзүүлэлтээр тэргүүлэгч” буюу сөрөг утгаар “анти-лидер” болсон бөгөөд зургаан жилийн хугацаанд бүс нутгийн захиргаа болон түүний харьяа байгууллагуудаас 1000 гаруй албан тушаалтан яллагдагчаар татагдсан байна. Үүнд 44 аймгийн Засаг дарга (regional governors) багтжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь төсвийн хуваарилалт, газар олголт, нөөцийн удирдлага зэрэг эрх мэдэл орон нутгийн түвшинд төвлөрсөнтэй холбоотой.
Хууль сахиулах байгууллагууд хоёрдугаарт бичигдэж, 912 албан хаагч яллагдагчаар татагдсан байна. Үүний дараа Сангийн яам 180 хэрэг, Батлан хамгаалах яам 146 хэрэг, Хорих ял эдлүүлэх байгууллага 133 хэрэг, Хөдөө аж ахуйн яам 104 хэрэгтэйгээр удаалжээ.
Мөн авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд ч энэ үзэгдлээс ангид байгаагүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын хорооны авлигатай тэмцэх албаны 5 ажилтан яллагдагчаар татагдсан байна.
Харин дараах байгууллагуудад авлигын хэрэг бүртгэгдээгүй байна. Үүнд:
- Үндэсний банк
- Стратегийн төлөвлөлт, шинэчлэлийн агентлаг
- Өрсөлдөөнийг хамгаалах, хөгжүүлэх агентлаг
- Соёл, мэдээллийн яам
- Улсын аюулгүй байдлын алба
Шинжээчид авлигын хэргүүд буурах хандлагатай байгааг мөн онцолжээ.
Тухайлбал, 2025 онд авлигын хэрэг 23 хувиар буурсан, 2026 оны эхний саруудад ойролцоогоор 10 хувиар буурсан нь хяналт шалгалтын бодлого, институтийн шинэчлэлд тодорхой өөрчлөлт гарсантай холбоотой байж болзошгүйг илтгэж байна.
Эх сурвалж: https://caspianpost.com
Цаг үе
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө
2026 онд бүтээн байгуулалтын 179 төсөл, арга хэмжээний хүрээнд 14.889 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 487 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Нийслэлийн Засаг даргын 60 удаагийн захирамжаар 208 нэгж талбарын 34.5 га талбайд нөхөх олговор олгосон. 79 нэгж талбарын 6.4 га талбайд нөхөх олговор олгохоор хянаж байна.
Харин 514 нэгж талбарт хөрөнгийн үнэлгээ хийгээд байна.
2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн.
Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлуудад 580 нэгж талбар чөлөөлсөн юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Цаг үе
ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ
Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалт, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байгаа юм байна.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин дүйцүүлэх шалгалтын хүсэлт авах хугацаа зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм байна.
ЭЕШ-ыг 2028 оны долоодугаар сар хүртэл хуучин журмаар явна. Үүнээс хойш өөрчлөлт оруулахаар шат дараатайгаар бэлтгэл ханган ажиллаж байгаагаа мэдээллийн үеэр дурдав. Тодруулбал суралцах чадварын шалгалт, судлагдахууны олон түвшинт шалгалт, ур чадварын шалгалт, олон улсын англи хэлний шалгалт зэргийг оруулж авдаг тогтолцоо руу шилжихээр бэлтгэж байна.
2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалт
2026.06.25-ны пүрэв
- 10:00-11:20 Түүх
- 14:00-15:20 Англи хэл
2026.06.26-ны баасан
- 10:00-11:40 Хими
- 13:00-14:20 Газар зүй
- 16:30-17:50 Нийгэм судлал
2026.06.27-ны бямба
- 10:00-11:20 Биологи
- 14:00-15:40 Математик
2026.06.28-ны ням
- 10:00-11:40 Физик
- 13:00-14:20 Орос хэл
- 16:00-17:20 Монгол хэл хуваарийн дагуу явагдана.
