Улстөр нийгэм
Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ
Монгол Улсад гадаадын өндөр дээд хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал хийгдэж байгаатай холбогдуулан энэ оны тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Гэндэнгийн гудамж зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Иргэд та бүхнийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас уриалж байна.
Улстөр нийгэм
Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барихаар төлөвлөсөн.
Тодруулбал, хоёр эгнээ бүхий 695 метр авто зам барих гүйцэтгэгчийг тавдугаар сарын 20-нд шалгаруулж, гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Энэ талаар НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Авто замын ажлын хүрээнд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг барихаас гадна борооны ус зайлуулах шугамын ажлыг хийнэ. Тус авто замыг ашиглалтад оруулснаар 312-р сургууль, цэцэрлэг рүү зорчиж буй иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой” гэлээ.




Улстөр нийгэм
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.




Сүхбаатар дүүрэг нь орон сууц, гэр хороолол, зуслангийн бүс хосолсон газар нутагтай, төр, захиргаа, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, худалдаа, үйлчилгээний олон байгууллага төвлөрсөн дүүрэг юм.
Сүүлийн таван жилд иргэдийн ая тухтай, аюулгүй амар тайван ажиллаж, амьдрах орчныг сайжруулах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 800 гаруй төсөл, хөтөлбөр бүхий цогц ажил хийжээ.
Тухайлбал, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 сургууль, цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөл барьж, дүүргийн хөрөнгөөр Ахмадын хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан байна.
2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, таван хороонд 800 хүүхдийн ортой цэцэрлэг, жилийн турш үйл ажиллагаа явуулах “Хүүхэд хөгжлийн төв” барихаар төлөвлөснийг Засаг дарга М.Алтангэрэл хэллээ.



Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд анх удаа орон нутгийн хөрөнгөөр 200 ор, 100 автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий Сэлбэ нэгдсэн эмнэлэг барьж байна.
Энэ эмнэлэг дүүргийн 140 гаруй мянган иргэнээс гадна Чингэлтэй, Баянзүрх дүүргийн, төвөөс алслагдсан хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж, эмчилгээ үзүүлнэ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Богд Зонхова”, “Гүнжийн булаг” зэрэг газарт 60 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.
Дүүрэг иргэдийнхээ амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, хүүхэд, залуусыг нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл, зөв хүн хандлагатай болж төлөвшихөд зориулж 3 га талбайд цэцэрлэгт хүрээлэн бүхий Спорт цогцолборыг дүүргийн хөрөнгөөр барьж энэ онд ашиглалтад оруулна.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 41 нь Сүхбаатар дүүргийнх юм.
Тэд 11 улсын их, дээд сургуульд мэдээллийн технологи, инженер, барилга архитектур, байгалийн ухаан, эдийн засгийн чиглэлээр суралцаж байна.



Эдгээр хүүхдүүд сургуулиа төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.
Цаашид ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.
Ерөнхийлөгч мөн салбарын ахмад ажилтан Сүнрэвийн Бямбажав, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв” ТББ-ын сургагч багш Адъяагийн Нарангэрэлд Гавьяат багш, цагдаагийн хурандаа Дугаржавын Майсүрэнд Гавьяат хуульч, төр, захиргааны ахмад ажилтан Тогтохын Шархүүд Үйлчилгээний гавьяат ажилтан, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн багш, доктор, профессор Дүнгэрдоржийн Зоригт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.




Улстөр нийгэм
Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Учрал манай улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төв нарийн судалгаа хийж буй. Судалгааны үр дүнд хэрэгжүүлэх төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд чухал болохыг тэмдэглэлээ.

Мөн Австралийн Амбан захирагч Сэм Мостин 2025 оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулах хоёр талын зорилтыг бататгасан чухал үйл явдал болсон. Цаашид дээд, өндөр түвшний айлчлалуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүлээгдэж буй баримт бичгүүдэд гарын үсэг зурахын төлөө байна гэв.
Элчин сайд Лео Зенг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд анхаарч ажиллаж буй талаар танилцууллаа.

Австрали Улс 1994 оноос Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн. Манай улсын 850 гаруй иргэн тус улсад урт болон богино хугацааны сургалтад хамрагджээ. Тэтгэлэгт хөтөлбөр 2023-2024 онд 15 байсан бол 2025 онд 17, 2026 онд 20 болж нэмэгджээ.

-
Цаг үе2023/11/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2022/01/13
Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өр...
-
Цаг үе2023/12/19
ЭЦА: Гацуурын гэрлэн чимэглэлээс үүдэлтэй дахин нэг айлд гал гарсан байж болзошг...
-
Улстөр нийгэм2021/12/23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
