Улстөр нийгэм
Монгол Улс, БНКУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох хамтарсан тунхаглал баталлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажилллагаа боллоо.
Энэ үеэр:
1. “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий прокурор Асаналиев Максат Кубатович нар,
2. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дэргэдэх тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэлийн улсын агентлагийн дарга Карыпбеков Улан Кадырсултанович нар,
3. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2026-2027 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Кулубаев Жээнбек Молдоканович нар,
4. “Ноос боловсруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын орлогч дарга бөгөөд Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн сайд Торобаев Бакыт Эргешович нар,
5. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл залуучуудын бодлогын яам хоорондын санамж бичиг”-ийг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын сайд Мамбеталиев Мирбек Кемелович нар,
6. “Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил болон дэвшилтэд технологийн яам хоорондын цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил болон дэвшилтэд технологийн сайд Жамангулов Азамат Саадатбекович нар,
7. “Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал Г.Ганболд, Сайд нарын танхимын дэд дарга, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Баетов Азиз Батыркулович нар,
8. Монгол Улсын Их Сургууль болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Жусуп Баласагыны нэрэмжит Үндэсний их сургууль хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Киргизийн үндэсний их сургуулийн ректор Чонтоев Догдурбек Токтосартович нар,
9. “Монгол Улсын Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Нарын муж дахь Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн газар хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Ганхуяг, Нарын муж дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Сатаров Нурбек Бейшеналиевич нар,
10. “Монгол Улсын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний мэдээллийн “Кабар” агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Ганхуяг, Киргизийн Үндэсний мэдээллийн "Кабар" агентлагийн захирал Шерматалиев Медербек Асаналиевич нар,
11. “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Абдрахматов Канатбек Ермекович нар,
12. “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Б.Джамгерчиновын нэрэмжит түүх, археологи, угсаатны судлалын институт хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн түүх, археологи, угсаатны судлалын хүрээлэнгийн захирал Асанканов Абылабек Асанканович нар,
13. “Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Г.Гэрэл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Тиллебаев Болотбек Кочкорович нар тус тус гарын үсэг зурж, солилцлоо.
Дараа нь "Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал"-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров нар гарын үсэг зурлаа.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
