Улстөр нийгэм
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны энэ оны зургадугаар сарын 10-ны хуралдаанаараа тогтоол баталж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн ахалж буй тус ажлын хэсэг 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр анхны хуралдаанаа хийв.
Ажлын хэсгийн хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Сангийн яам, Монголын Ипотекийн корпорацийн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонссон юм. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байгаа аж. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил байгаа бөгөөд 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Банкны систем дэх зээлийн бүтээгдэхүүнүүдийн дотор ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог бөгөөд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаарч байна. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн дүнтэй байгаа ба дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсчээ. Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ.
Хуралдаанд ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, Г.Лувсанжамц нар оролцож, ипотекийн зээлийн хүртээмж, эргэн төлөлт болон Монголын Ипотекийн корпорацийн оролцогч талууд, Монголбанкны оролцоо, үүрэг, барилга, орон сууцжуулалтын бодлого, чиглэлийн талаар асууж, мэдээлэл авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2026/01/30
Ж.Төмөрмандах: Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, а...
-
Үзэл бодол2020/07/25
Могойтой таарвал сонирхож оролдохгүй байхыг анхааруулна уу!
-
Цаг үе2020/04/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Шударга мэдээ2021/01/14
ЗГ: Алтанбулаг боомтоор хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоох хугацааг ...
