Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.   

Зочид төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн мэндийг хүргэж, тэртээх он жилүүдэд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэхэд Польш Улс хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улс орны нэг байсан явдалд байнга талархаж явах учиртайг онцлов. Монгол Улсын төрийн тэргүүн тус улсад энэ жил айлчлахдаа Монгол-Польш Улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоож, 2030 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөг батлан шат ахиулсан. Монгол Улсын Их Хурал таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн, анхны 126 гишүүн сонгогдон ажиллаж байгаа. Найман байнгын хороотой. Эдгээрээс Эдийн засгийн байнгын хороо 32 гишүүнтэй, хамгийн том нь гэв. Түүнчлэн Монголын парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бүрдүүлэхийг чухалчилж, хоёр улсын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, улс хооронд шууд нислэгтэй болгох, зэс боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрсний далд уурхай, Шинэ Зуунмод, Хархорин хотыг бүтээн босгох, аймаг, муж хоорондын харилцааг дэмжих чиглэлд хамтрах байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд Польш эрдэмтэд Монголын говиос үлэг гүрвэл, археологийн олдворын судалгааг хийж, дэлхийд таниулсан тухай кино хийж буйг дурдав. 

Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчыца Монголын талаас урьсан явдалд талархаад, айлчлалын бүрэлдэхүүнээ танилцууллаа. Түүний хувьд хоёр улсын түншлэлд ижил төстэй үнэт зүйлс ихээхэн нөлөөтэй хэмээв. Мөн Польш Улсад Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид саяхан айлчилсан нь харилцааг ахиулж, уул уурхай, хил хамгаалах чиглэлд шинэ боломжийг эрэлхийлж эхэлсэн. Албан айлчлалынхаа хүрээнд уул уурхайн салбарын сайдтай уулзахаар товлосон. Олон Улсын тавцанд хоёр улсын харилцан дэмжлэг, байр суурь чухал байна гэлээ. Түүнчлэн хоёр улсын гадаад худалдааны эргэлт жилд 90 орчим сая ам.доллар байдгийг хоёр дахин өсгөх, хөдөө аж ахуй, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг чиглэлд бизнесийн шинэ гарц бий болгох хэрэгтэйг онцоллоо. Цар тахлын улмаас хойшилсон зарим төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн гэрээг дахин сунгахад анхаарал хандуулж өгөхийг тус Байнгын хорооноос хүсэв. Энэхүү гэрээг сунгаснаар 50 сая еврогийн зээлийн хөрөнгөөр таван аймагт цэвэрлэх байгууламж шинэчлэх, Орхон аймагт хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, явуулын түргэн тусламжийн үйлчилгээ бүхий тэрэг, гал унтраах тэрэгний асуудлыг шийдвэрлэнэ гэсэн юм. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцааг тусгаж, таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн учраас хамгийн түрүүнд Эдийн засгийн байнгын хорооныхонтой уулзалт товлосон хэмээсэн бол Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, хоёр улс иж бүрэн түншлэлийн хүрээнд байгуулсан төлөвлөгөөгөө хөгжлийнхөө төлөвлөгөөтэй уялдуулах нь илүү үр дүнтэйг онцоллоо.

Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса, өнгөрсөн найман жилд тус бүлгийг ахалж ажилласан талаар танилцуулаад, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд хоёр улсын үе үеийн парламентын бүлгүүдийн олон удаагийн уулзалт, урт хугацааны харилцааны түүх байгааг сануулав. Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн гишүүн Эва Колоджией, манай хоёр улс уул уурхай, олборлолтын салбарт ижил төстэй зүйл их учраас энэ чиглэлд түлхүү хөгжих боломж бий гэсэн юм.

Ийнхүү талууд хоёр улсын парламент хоорондын харилцаанд сэтгэл өндөр байгаагаа харилцан илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө.

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса, Польш Улсын Сеймийн Тамгын газар болон УИХ-ын Тамгын газар, Элчин сайдын яамдын төлөөлөл байлцав.

Албан айлчлал үргэлжилж байна гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох