Улстөр нийгэм
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Азийн Хөгжлийн Банкны 3.9 сая ам.долларын санхүүжилтээр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн барилга нь зөвхөн шинэ орон зай бус тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, эмч, ажилтнуудын ажлын орчныг сайжруулах, иргэдийн итгэл хүлээсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн жишиг загварыг бий болгож байгаагаараа онцлог юм.
Нийт 3.2 сая ам.долларын өртөг бүхий 400 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр эмнэлгийн шинэ байрыг иж бүрэн тоноглон тохижуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэдээ үзүүлж эхэллээ. Тухайлбал, Siemens брэндийн 128 зүслэгтэй компьютер томографийн аппарат, яаралтай тусламж, мэс засал, эрчимт эмчилгээ, дуран оношилгоо, гемодиализийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Ингэснээр өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын эмнэлэгт хийдэг байсан нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг иргэд Увс аймагтаа хийлгэх боломж бүрдэж байгаа юм.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн хөгжлийн сангаас 2,4 тэрбум төгрөгөөр өргөтгөлийн барилгын дулаан, цэвэр бохир ус, цахилгаан шугам сүлжээ болон цахилгааны дэд өртөөг шийдэж өгч хүн ардынхаа эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж ажиллажээ.
Эмнэлгийн засаглал менежментийг сайжруулах чиглэлээр төслийн зөвлөх баг болох Интермед эмнэлэгт Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, ажилтнуудыг хамруулан эмнэлгийн менежмент, чанар аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр танхим болон ажлын байрны сургалтад хамруулсан байна.

Эмнэлгийн гадна орчны аюулгүй байдлыг сайжруулах үүднээс 66 ширхэг хяналтын камер шинээр суурилуулж, хяналтын өрөөг байгуулсан бөгөөд авто зогсоолыг 150 м.кв талбайгаар өргөтгөжээ. Үүний зэрэгцээ зарлан мэдээллэх системийг нэвтрүүлсэн нь эмнэлгийн дотоод аюулгүй байдлыг бүрэн хангах шинэ жишиг болжээ. Үүний зэрэгцээ цахим аюулгүй байдлыг хангах хүрээнд гадны цахим халдлагаас эмнэлгийн дотоод сүлжээг хамгаалах fire wall төхөөрөмж суурилуулсан. Орон нутгийн хөгжлийн сангаас 48 сая төгрөгөөр хүчин чадал сайтай өндөр хурдны сервер шинэчлэн суурьлуулсан байна.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 2024-2026 оны хооронд хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төслийг орон нутагтаа татаж санаачилсан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, хариуцлагатай ажиллаж төслийн үр дүнгээ харсан орон нутгийн удирдлага, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт хамт олон, хамгийн гол нь монгол хүний эрүүл мэнд, монгол айлын элэг бүтэн амьдралд үр өгөөж, үр нөлөөгөө хэдэн арван жилээрээ тасралгүй өгөх ажлыг санхүүжүүлэн ажилласан Азийн хөгжлийн банк тэдний хамт олонд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн баяр хүргэж талархал илэрхийлэв.
Энэхүү бүтээн байгуулалтын загвараар дөрвөн аймгийн Нэгдсэн эмнэлгийг өргөтөн байгуулах бөгөөд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт жишиг болохыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлон хэлэв. Орон нутгийн, анхан шатны буюу үүдэн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулж, шинэ шатанд гаргах Азийн хөгжлийн банкны төсөл ирэх гурван жилийн хугацаанд Монгол орон даяар хэрэгжих тул төсөл хэрэгжүүлж буй орон нутгийнхан, эрүүл мэндийн байгууллагынхан маш хариуцлагатай байж төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс Увс аймгийн эрүүл мэндийн салбарынхны төлөөлөлтэй уулзалт хийснээр Увс аймаг дахь ажлын томилолт өндөрлөв. 21 аймагтаа хүрч ажиллах зорилготой Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Дундговь аймгуудад ажиллаа.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
