Улстөр нийгэм
ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газар 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн энэхүү төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн, УИХ-ын Ажлын хэсэг санал, дүгнэлт гаргасныг ахлагч Х.Баасанжаргал танилцууллаа. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдсантай холбогдуулан энэхүү бие даасан хуулийн төсөл боловсруулсан. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчимд тулгуурлан төсөл батлагдсанаар гэр бүлийн хэргийн харьяалал тодорхой болж, хүүхдийн эрхийн олон асуудал шийдэгдэнэ. Олон улсын жишигт нийцүүлэн хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шинэ аргачлалаар тооцох, зан үйлд сургах, мэргэжлийн сэтгэлзүйч оролцуулах, эвлэрүүлэн зуучлах, шүүхэд ажиллах гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч, эвлэрүүлэн зуучлагчийн хорооны гишүүн эвлэрүүлэн зуучлагч, шүүгч, эвлэрүүлэн зуучлалын шүүгчийг сургах, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр мэргэшүүлэх, шинжээч нь бакалаврын түвшний мэдлэг, мэргэжилтэй, гурваас дээш жилийн туршлагатай байх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн саналуудыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс 65 санал боловсруулсан талаар УИХ-ын гишүүн, ахлагч Х.Баасанжаргал танилцуулсан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор өнгөрсөн жил өргөн мэдүүлжээ.
Хууль санаачлагчийн танилцуулгад дурдсанаар бол Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэж, улмаар хүний эрхтэй холбоотой 70 гаруй гэрээнд, үүнээс хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэн ороод байгаа. Манай улсад бие даасан 590 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. 2020 оноос хойших хугацаанд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хүний эрхийг хангах чиглэлээр холбогдох хуулиудын шинэчилсэн найруулгыг боловсруулж, Улсын Их Хурлаас баталж хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд тодорхой дэвшил гаргасан. Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлсний мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 170 зөвлөмжийг өгснийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж үзжээ.
Уг хуулийн төсөлд үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, албаны нууцын хүрээг хумих, хөгжлийн бодлогын баримт бичигт хүний эрхийн шалгуур бий болгох, хуульчдын олон улсын гэрээний талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зэргийг тусгасан. Нийт найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зүйл бүрээр хэлэлцэж, санал хураав. Төслийг гишүүдийн олонхын саналаар дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хууль зүйн байнгын хороо уртасгасан цагаар хуралдаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хувийн эрх зүйн суурь хуульд тооцогдох Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталж, нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн. Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ. “Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх” гэсэн шинэ бүлэгт гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, тэтгэлгийн хэмжээг хүрэлцэхүйц, тасралтгүй байх зарчимд нийцүүлэн тухайн бүсэд тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй, хүүхдийн өөрийн онцлогт нийцсэн тэтгэлэг авахаар зохицуулсан. Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, цус ойртолтоос сэргийлэхийн тулд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдах ажээ. Гэрлэлттэй адилтгах харилцаа, тээгч эх, өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болох зэрэг харилцааг зохицуулах талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл танилцуулсан. Хуулийн төслүүдийг хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
