Улстөр нийгэм
С.Амарсайхан: Нэг айлаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа.
Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Амгалан” дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар хийгдэх нийт 3,6 км нэг, хоёрдугаар үерийн хамгаалалтын сувагнаас одоогоор 2,7 км нь хийгдсэн байна. Анх 2015 онд “Ардааган” ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн боловч зарим айлууд газраа чөлөөлөөгүй нь улмаас ажил удааширч, далангийн ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй байна.

“Ардааган” ХХК-ийн талбайн инженер Б.Батбаяр “Үерийн хамгаалалтын сувгийн ажил дөрвөн жил гацаж байгаа гол шалтгаан бол газар чөлөөлөлтийн асуудал байна. Газрын асуудал шийдэгдвэл бид ажлаа хийж дуусгахад бэлэн. Шаардлагатай зарим бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна” хэмээн ярилаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр хорооны айл өрх, гудамж талбай үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ орчмын суваг шуудууг татуулж, цэвэрлүүлээд усанд автсан айлуудын сувагчиллыг гаргаж, өөр энэ хавьд далан суваг гаргаж болох ямар нөхцөл боломж байгаа судалгааг Газар зохион байгуулалтын алба гарга. Газраа чөлөөлөхгүй байгаа нэг айлаас болоод бүхэл бүтэн хоёр хорооны айл өрх усанд автаж, нийслэлийн далан сувгийн ажил хийгдэхгүй хэдэн жил ажил гацдаг байж болохгүй. Нэг айлын эрх ашгаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй. Газрын алба болон холбогдох байгууллагууд яаралтай газраа чөлөөлөхгүй байгаа айлуудын мэдээллийг гаргаж, энэ асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийд. Аль болох ойлголцлын журмаар ярилцаж, ойрын хугацаанд газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Мөн энэ үеэр Хотын Захирагч албаны төлөөллийн хамтаар тэр орчмын газраар явж, айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцан, иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм. Иргэдийн зүгээс дөрвөн жил гацаж одоог хүртэл хийгдэж дуусаагүй байгаа үерийн хамгаалалтын сувгийн ажлыг урагшлуулах шаардлагатай байгааг онцолж хэлээд, энэ ажил хийгдэж дуусвал зуны улиралд үерт автахгүй, өвөлдөө халиа тошин үүсэхгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэдгийг хотын Захирагчид хэлж байв.

Түүнчлэн тэр орчимд байгаа олон нийтийн гудамж талбайд ил задгай хог шороо хаясан байсныг яаралтай цэвэрлүүлж, хүүхэд багачууд тоглох нийтийн эзэмшлийн талбай болгохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
