Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УОК: Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хориглолоо

Огноо:

,

УОК-ын X дугаар хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 26-ны баасан гарагт болж, халдварт цар тахлын тархалтын нөхцөл байдал, тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын санал,  худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийгдэж буй хяналт, шалгалтын дүнгийн талаарх танилцуулга мэдээллийг тус тус сонсож,  хэлэлцэн  дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг  хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр боллоо. Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.

Мөн Өмнөговь, Дорноговь аймаг руу орох зорчих хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн  14 хоногийн хугацаагаар зогсоож, буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн УОК-ын Шуурхай штабаас олгосон зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ. Энэ хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс тус хоёр аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын Улаан түвшинд  2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас  2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00  цаг хүртэлх хугацаанд шилжүүллээ. Харин нийслэлд халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжсэн хугацааг 2021 оны дүгээр сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Нийслэл болон орон нутагт үүсээд буй халдварын тархалт түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн зай талбайд хийх, улсын онц чухал болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий объект, байгууллагад халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоож, ногоон бүс үүсгэх байдлаар үйл ажиллагааг явуулахыг үүрэг болголоо. Мөн томоохон зах худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газрын удирдлага болон төлөөлөгчтэй уулзаж, ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”, “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай” зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Мөн хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоох, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Түүнчлэн “COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах “Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа

Огноо:

,

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.

Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.

Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.

Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.

“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.

Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувийн гүйцэтгэлтэй байна

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд барьж буй 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолын мэдээлснээр, үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн байр, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаагаас 2.8 км авто замыг ашиглалтад оруулаад байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд ч төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.

63 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийг тогтвортой дулаанаар хангана. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох