Цаг үе
Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 8, суурин 29 цэг ажиллана

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-ны өдрийн байдлаар вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964.585 нь I тунд, 89 хувь буюу 848.325 нь II тунд хамрагдаад байна.
Зөвхөн өчигдөр гэхэд Улаанбаатар хотод дархлаажуулалтын I тунд 1166, II тунд 2764, нийт 3930 иргэнийг хамруулжээ. Мөн өнөөдөр нийслэлд явуулын 8, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн бөгөөд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Цаг үе
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын ослын шалтгааныг тодорхойлж, тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл боловсруулах зөвлөх үйлчилгээний мэдээлэл танилцууллаа.
Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг хэсгийн хуралдааны гишүүд санал солилцож, осол хамгийн ихээр гарч байгаа цэгүүдийн уулзварын зохион байгуулалт, эргэлтийн радиусыг тооцоолж үзэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.
Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу НИТХ-ын дарга А.Баяр ирэх жилүүдэд нийслэл хотын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийхийг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болголоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Цаг үе
“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг бүрэн шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сараас тус авто замыг шинэчилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн юм.
Харин энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчилж, гэрэлтүүлэг, явган замын ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан бөгөөд 46 жилийн дараа их засвар хийлээ.