Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын 24. Сумъяа гараг. Нэг эхний зургаан хөвгүүн одтой, нэг цагаан мэнгэтэй, хар морь өдөр.
Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
Цаг үе
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Цаг үе
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Цаг үе
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
-
Цаг үе2025/10/31
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хийж байна
-
Цаг үе2020/09/03
Онцгой байдлын алба хаагчдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа
-
Цаг үе2020/11/23
Хятад улс оргон зугтсан 7831 иргэнийг эргэн эх оронд нь авчирлаа
-
Цаг үе2022/04/13
СКАЙмедиатай болоод Тайланд руу аялаарай
