Улстөр нийгэм
Д.Сумъяабазар: Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Тэгвэл тус хорооны анхны хурал өнөөдөр боллоо.
Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Жилд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 70-80 мянгаар нэмэгддэг. Түгжрэлийн асуудлыг 2021-2025 онд цэгцлэхгүй бол, энэ байдал удаан үргэлжилбэл замын хөдөлгөөний хурд зургаан км цаг болж, явган явж байгаагаас ялгаагүй болно. Түүнчлэн хамран сургах тойргийг зөв зохицуулбал түгжрэл тодорхой хэмжээнд буурна. Энэ бол богино хугацаанд хийх ажил” хэмээн ярив.
Хотын дарга Д.Сумъяабазарын яриа: https://youtu.be/g987_CF2zQA

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд боловсролын гурван байгууллагын түвшинд түгжрэлийг бууруулах судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 25 цэцэрлэгт 60 ээлжийн багш ажиллуулахаар боллоо. Мөн цэцэрлэг, сургуулийн эхлэх, тарах цагийг зөв зохицуулах ёстой. Түүнчлэн байгууллагын цэцэрлэгийг дэмжих нь бага зардлаар том асуудлыг шийдэх шийдэл. Гэр хороололд 2-4 айлын газрыг авч, мөн олон хүн амтай орон сууцны хорооллын нэг давхрыг цэцэрлэг, бага сургууль болгох, цэцэрлэг, сургуулийн стандартыг шинэчлэхээр судалж байна. Сургуулийн автобус явуулах нь үр дүнтэй байгаа. Мөн богино хугацааны шийдэл нь сургуулийн хэв шинжийг өөрчлөх. Өөрөөр хэлбэл, нийслэлд 5000-аас олон хүүхэдтэй төрийн өмчийн 10 сургууль бий. Түгжрэл үүсгэж байгаа энэ 10 сургуулийг ойролцоо ачаалал багатай сургуулиудтай нэгтгэж, бага, дунд, ахлах сургуулийн цогцолбор байдлаар хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн их, дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх хувилбарыг судалж байна” гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн яриа: https://youtu.be/n2kalo_UHt8

Энэ үеэр мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө. Тодруулбал,
- Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,
- Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
- Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
- Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
- Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,
- Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
- Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,
- Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,
- Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,
- Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,
- Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
- Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
- Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,
- Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
- Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,
- Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах,
- Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,
- Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
- 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,
- Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
- Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгөв. Түүнчлэн богино хугацааны шийдлээ энэ баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг баталж танилцууллаа
Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
Монгол Улсад зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна.
Мөн халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтын эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026–2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус төлөвлөгөө нь:
-халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх
-тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах
-нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих
-эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх
-анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх
эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.
Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Улстөр нийгэм
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм.
Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил дууссан. Найрамдлын авто зам, төмөр зам дээгүүр барих 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй, металл гүүрийн үндсэн хийцийг үйлдвэрлэж байна.
Хоёрдугаар байршил Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажлын хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.
Гуравдугаар байршил “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан. Авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм.
Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31 мянган авто машин нэвтэрнэ. Авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэж, шинээр авто замын сүлжээг бий болгох юм. Үүний үр дүнд замын саатал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж төлөвлөж байна.
Улстөр нийгэм
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд дараах ажлуудыг хийж байна.
Үүнд:
Нийт 30 хорооны 430 байршилд 9.3 га талбайг зүлэгжүүлэх,
Нийтийн эзэмшлийн 11 байршилд 44000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулах,
Нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.
Мөн "Баянгол хүүхдийн зуслан"-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг мод тарьсан. Түүнчлэн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс дэх өндөр хүчдэлийн шугам дагуу 35 га талбайг хашсан ургамлан хашлага байгуулахаар ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гол гудамж дагуух бортоготой модыг шинэчлэх, нийтийн эзэмшилд байгаа мод бутыг хэлбэржүүлэн тайрч байна.

-
Цаг үе2024/02/27
Худалдаа эрхэлж буй 157 аж ахуйн нэгж, 477 иргэн хяналт шалгалтад хамрагдаад бай...
-
Шударга мэдээ2020/09/17
Налайхын замыг 10 дугаар сарын 25-ныг хүртэл хэсэгчлэн хаана
-
Үзэл бодол2020/06/16
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.06.1...
-
Цаг үе2025/06/24
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгджээ
