Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ойн салбарын үндэсний чуулган “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, зөвлөмж гаргалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд болж өндөрлөлөө.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганыг хааж үг хэлэв. Тэрбээр “Томоохон зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 30 жил орхигдсон салбарыг сэргээж, 2024 он гэхэд чадавхыг нь бүрэн бэхжүүлэх,  мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх, зохион байгуулалт, удирдлагаар хангах, байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлээр иргэдээ соён гэгээрүүлэх гээд олон ажил хүлээгдэж байна” гэлээ. Мөн бүгд нэгдмэл ойлголттой байж, нэг зорилгын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нутаг дэвсгэртээ хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, санхүүжилт зэргийг хэлэлцэн батлах бол  УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Мөн Засгийн газар өргөтгөсөн хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуралдах бол, Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо ирэх долоо хоногт хуралдан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ойн салбарын үндэсний чуулганд оролцогчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганаар хэлэлцсэн илтгэл, салбар хуралдаануудаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн зөвлөмж гаргалаа.

Үүнд:

Нэг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх арга замын талаар:

1.1. Шинэчлэн батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу боловсруулж байгаа “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-т “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах;

1.2. Мод тарих газар нутгийн судалгаа хийж, стратеги, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, шаардлагатай төсөв, санхүүжилтийн бодит тооцоолол гаргах;

1.3.  Аймаг, нийслэл мод тарихад зориулж жил бүр нэг тэрбумаас доошгүй төгрөгийг төсөвт тусгаж байх, мод тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүрэг бий болгох;

1.4. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнг ойгоор бүрхэгдсэн талбай 0 хувьд хүрэх, нэн хүчтэй цөлжсөн газрын хэмжээ 4.0-с доошгүй хувиар буурсан байх, хүлэмжийн хийн шингээлтийг 2.5 сая тн-оор нэмэгдүүлсэн байхаар тооцох;

Хоёр. Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар:

2.1. Ойн салбарын мэргэжлийн байгууллагын эрх олгох, ойн аж ахуйн арга хэмжээний гүйцэтгэлийн үр дүн, хяналт, мониторинг хийх зэрэг төрийн захиргааны байгууллагуудын зарим чиг үүргийг  мэргэжлийн холбоодод шилжүүлэх;

2.2. Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалт татах боломжтой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

2.3. Ойн магадлан итгэмжлэлийн стандартыг боловсруулж, хараат бус хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийх тогтолцоо бий болгох, олон улсын ойн магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах.

Гурав. Хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчний талаар:

3.1.  Ойн мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрийг харилцан уялдаатай болгож, шатлан суралцах боломжийг бүрдүүлэх;

3.2.  Сум, суурин газар бүрт гурваас доошгүй ойжуулагч  байхаар тооцож, “1,000 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг 2022 онд багтаан хэрэгжүүлэх, мэргэжилтэй ажилчдыг тоог 7000-д хүргэх;

Дөрөв. Үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлтийн талаар:

4.1.  Модлог ургамлын үр,тарьц, суулгац бэлтгэх, импортлох, хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх, ашиглах, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх хууль, эрх зүйн орчин бий болгох;

4.2. Үр хадгалах байгууламжийг улсын хэмжээнд болон бүсчилсэн хэлбэрээр байгуулах;

4.3. Мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх;

4.4. Мод үржүүлэг, ойжуулалтын зориулалттай машин, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох боломж бүрдүүлэх;

4.5. Үрийн нөөцийг жилд 290.0 мянган кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 30-100 сая ширхэгт хүргэх;

Тав. Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх талаар:

5.1. Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж ой, газар тариалан, бэлчээрийн хоорондын харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин бий болгох;

5.2.“Дэлхийн агро-ойн төв ” олон улсын байгууллагад элсэж төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх;

5.3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд жимс, жимсгэнийн кластер хөгжүүлэх, Агро-ойжуулалтын судалгааны төв байгуулах.

Зургаа. Цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар:

6.1. Ой, говийн баян-бүрд, хүлэрт намаг, цайдам зэрэг экологийн чухал экосистемийг нөхөн сэргээх чиглэлд шинэлэг, байгальд ээлтэй, технологид түшиглэсэн инноваци нутагшуулах;

6.2 Хур тунадас, уулын уруйн ус, шар усны ус болон илүүдэл урсац хуримтлуулах, усны нэмэлт эх үүсвэрийг ус, чийг дутмаг газруудад бүрдүүлэх далан, хаалтын системийн сүлжээг нэмэх;

6.3  Монгол орны байгалийн ялгавартай бүс нутгуудад цөлжилт, газрын доройтлыг урт хугацаанд судлах судалгааны төв байгуулж, технологи, инноваци үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

6.4 Цөлжилт, газрын доройтлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, донор улсуудтай хамтран ажиллах, туршлага судлах.

Долоо. Ой ашиглалт, ой модны үйлдвэрлэлийн талаар:

7.1. Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоож байгаа одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөн аймаг, сумын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэдэг тогтолцоонд шилжих;

7.2. Ойн замын сүлжээний нягтрал, эдийн засаг, экологийн ач холбогдлын судалгаа, тооцоо хийж, ойн аж ахуйн зориулалттай автозамын сүлжээг төлөвлөн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

7.3. Ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ойн арчилгаа, цэвэрлэгээ хийж, шахмал хавтан, эко хатуу түлш, цавчдас, модлог шахмал түлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх хууль, эрх зүйн орчин  бүрдүүлэх;

Найм. Хот, суурин газрын ногоон байгууламжийн талаар:

8.1. Ногоон байгууламжийн асуудлыг хот суурин газрын төлөвлөлт, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан зураг төслийн дагуу хөгжүүлэх;

8.2. Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай бие даасан хууль гарган холбогдох журам, стандарт, норм, нормативыг шинэчлэн эрх зүйн орчныг тодорхой болгох;

8.3. Ногоон байгууламжид тарих зориулалттай тарьц, суулгац үржүүлэх газруудад татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэхийг төрөөс бодлогоор дэмжих;

8.4. Тарьц суулгац бойжуулах, хот суурин цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах усны үнийг хөнгөлөх, чөлөөлөхийг зөвлөмжид тусгажээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ2 цаг 1 минут

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Цаг үе2 цаг 3 минут

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Улстөр нийгэм4 цаг 14 минут

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Улстөр нийгэм4 цаг 18 минут

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Цаг үе4 цаг 22 минут

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Цаг үе4 цаг 24 минут

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Цаг үе4 цаг 28 минут

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Цаг үе2026/08/06

Улсын чанартай хатуу хучилттай авто замын талаас илүү хувь нь 13-аас...

Улстөр нийгэм2026/08/06

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Шударга мэдээ2026/08/06

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын ...

Санал болгох