Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

УИХ, Засгийн газрын гишүүд Замын-Үүд хилийн боомтод ажиллалаа

Огноо:

,

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусын халдвар тархсантай холбогдуулан Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээвэр тодорхойгүй хугацаагаар саатаад байна.

Үүсээд буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Сангийн сайд Б.Жавхлан, ХБҮЗ-ийн гишүүн УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,  Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Гадаад харилцааны яамны ТНБД Ц.Анхбаяр, ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, МХЕГ-ын дарга Т.Гантулга, ЗТХЯ-ны газрын дарга Ё.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй баг Замын-Үүд боомтод ажиллалаа.

Замын-Үүд боомтоор Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний 70% экспортын бүтээгдэхүүний 6 орчим  хувь  нь орж ирдэг. Өнөөдрийн байдлаар авто замын боомтоор улсын хил нэвтрэх дараалалд бүртгүүлсэн 5359 тээврийн хэрэгсэл байна. БНХАУ-ын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байхаар тээвэр ложистикийн үйлчилгээг цаашид нэвтрүүлэх саналыг ГХЯ-д тавьсан. 

Хятадын талаас тавьсан саналыг хүлээн авч богино хугацаанд хилээ нээх, бараа бүтээгдэхүүний эргэлтээ хэвийн түвшинд хүргэх талаар Дорноговь аймгийн удирдлага, хилийн боомтын зөвлөл, жолооч нартай уулзалт хийлээ.

Замын-Үүдэд тээвэрлэлт хийж буй жолооч нарын хувьд аль болох богино хугацаанд тээвэрт гарах боломжоор хангаж өгөхийг хүсч буйгаа илэрхийллээ.

Цаашид хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм чанд баримталж, шийдвэр гаргах түвшинд жолооч нарын төлөөлөл, хяналтыг бий болгох, богино хугацаанд хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг сум орон нутгийн удирдлага, хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо.

Мөн хил нээхэд шаардлагатай чингэлэг тээвэр, тусгаарлах байр, хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж зэргийг шуурхай шийдвэрлэхэд засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан уулзалтын үеэр онцоллоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Огноо:

,

Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.

Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Огноо:

,

БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.

БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернет ашигладаг хэмээн хариулсан байгааг төсөл санаачлагчид танилцууллаа. Иймд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, Ч.Номин, О.Номинчимэг нар 6 бүлэг, 20 зүйлтэй, анхдагч бие даасан хуулийн төслийг боловсруулжээ. 

Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. 

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж. 

Тухайлбал, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Технологийн энэхүү хамгаалалтын арга хэмжээтэй уялдуулан нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад Нийгмийн сүлжээ, Харилцаа холбоо зэрэг үйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхойлжээ.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.

Төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлагыг харьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран үе шаттай судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан хэмээн Улсын Их Хурлын даргад төсөл санаачлагчид танилцуулсан юм.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт боловсруулж буй бусад хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сүлжээнд байршуулахад 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 660 иргэн танилцсан аж.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчин дахь эрсдэл, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох