Үзэл бодол
Н.Сугар: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг нүүлгэхэд 1.5 тэрбум биш, 90 сая төгрөг зарцуулж байна

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудад энэ ондоо багтан Яармагт барьсан Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүх үүрэг өгсөн билээ.
Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнгөрсөн бямба гарагаас нүүж эхэлсэн. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүүлгэх зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэх ташаа мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.
-Нүүлгэх зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байна гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Яг хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагыг шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулахад 500 сая төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан. Тэрнээс хэвлэлээр бичээд, мэдээлээд байгаа шиг 1.5 тэрбум төгрөг зарцуулсан зүйл байхгүй. Нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардалд 90 сая төгрөг төсөвлөсөн. Цар тахлын үе учраас нийслэлийн хувьд аль болох бага зардлаар нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг хийхээр төлөвлөж, энэ дагуу дотоод нөөц, бололцоогоо ашиглан ажлуудаа хийж байгаа.
-500 сая төгрөгөөр чухам ямар ажлууд хийх вэ?
-Энэ нь Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд шилжин байрлахад шаардлагатай үйл ажиллагааны зардал. Нийт есөн төрлийн үйл ажиллагаанд зарцуулах төсөв нь 500 сая төгрөг гэсэн үг. Тодруулбал, цэвэрлэгээ, үйлчилгээ, материалын зардал, цэвэрлэгээний багаж, тоног төхөөрөмжийн зардал, интернэт сүлжээ, сервер, дотоод сүлжээ, тоног төхөөрөмж, суурийн утасны шилжүүлгийн тохиргоо үйлчилгээ, тоног төхөөрөмжийн зардал орж байгаа. Мөн нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардал, А корпусын зоогийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, төрийн тусгай хамгаалалтын тоног төхөөрөмж, нэвтрэх болон олон нийтийн талбайд байрлуулах ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн зардал зэрэг багтаж байна.
-Хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр нүүлгэлтийн ажилд хамтарч ажиллаж болохгүй байсан уу гэх шүүмжлэл байна?
-Нийслэлийн зүгээс эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээр боломжит бүх бодлогын дэмжлэгийг үзүүлж байгаа. Гэхдээ нүүлгэлтийн ажлын хувьд төсвөөс гарах зардлыг хэмнэх ёстой. Тиймээс дотоод нөөц, бололцоогоо дайчлан ажиллаж байна. Тухайлбал, НЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний цэргийн ангийн дүйцүүлэх албаны алба хаагчдыг дайчлан ажиллуулж байгаа. Нүүлгэлтийн компаниудын хувьд маш өндөр үнэ санал болгосон тул хамтарч ажиллах боломжгүй байсан.
-Нийт хэчнээн байгууллага нүүх вэ?
-Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг зургаан албан байгууллага буюу 400 ажлын байр Яармаг руу эхний ээлжид нүүнэ. Одоо ашиглалтад орсон барилга 400 хүн хүлээн авах хүчин чадалтай байгаа.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Үзэл бодол
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ.