Үзэл бодол
С.Амарсайхан: Сурагчдын амралтыг сунгах эсэхийг БШУЯ, ЭМЯ зөвлөлдөж Засгийн газарт саналаа оруулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх тухай мэдээлэл гарсан. Үүний талаар тайлбар өгөхгүй юү?
- Засгийн газар, УОК-оос иргэн, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор өнгөрсөн хавраас хойш хөл хорио тогтоолгүй, бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулж буй. Цаашид ч энэ зарчмаа баримтална. Өчигдөр УОК-ын ажлын хэсэгт ирүүлсэн саналыг батлагдсан мэт ташаа мэдээлэл гарсан байна. Хэдийгээр Омикрон хувилбарын тархалт өнгөрсөн долоо хоногийнхоос 4 дахин ихэссэн ч бид аль болох хөл хорио тогтоохгүйгээр хариу арга хэмжээг шуурхай авч ажиллана.
- Омикроны давалгаа улам ихсэх хандлагатай байна. Ямар ч тохиолдолд хөл хорио тогтоохгүй гэж ойлгож болох уу?
- Цаашид халдварын давалгаа оргилдоо хүрч, эрүүл мэндийн салбарын ачаалал хэрээс хэтэрсэн тохиолдолд хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Гэхдээ ийм байдалд хүрэхгүйн тулд ард иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй. Удахгүй болох Сар шинийн баяраа аль болох гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалъя.
- Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах талаар яригдаж байна. Энэ асуудал эцэслэн шийдэгдсэн үү?
- Энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн хүртэл халдварын тохиолдол оргилдоо хүрнэ гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах, эсвэл хичээлийг 5/9-ийн зарчмаар хичээллүүлэх талаар санал гаргасан. Уг асуудлыг БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдтай дахин сайтар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Ямар ч тохиолдолд бид хүүхдүүдийн хичээлийг хоцрогдуулахгүй байхаар шийдвэрлэнэ.
- Хил дээр гацсан чингэлгүүд одоог хүртэл нэвтэрч дуусаагүй байгаа. Хэзээ хэвийн үйл ажиллагаандаа орох вэ?
- Боомтын асуудлуудыг шийдвэрлэх, ялангуяа Замын-Үүд, Эрээний боомтын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Эрээн хотын талд 935 орчим чингэлэг байсныг өнгөрсөн өдрүүдэд 433-ыг татсан. Үлдсэн чингэлгийг ирэх долоо хоногт татаж дуусгах төлөвлөгөөтэй байна. Цаашид ачаа барааг галт тэргээр буюу төмөр замын өргөн царгиар татан авах талаар БНХАУ-тай хэлэлцэж байна. Уг асуудал шийдэгдвэл өдөрт 300-350 вагон ачаар бараа хилээр нэвтрэх боломжтой болох юм.
- Цагаан сараар Төрийн золголт болон бусад арга хэмжээг хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулах уу?
- Энэ жилийн Цагаан сарын баярыг аль болох гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж буй. Харин Сар шинийн бөхийн барилдааныг халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Үзэл бодол
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам талбайд 51 тонн давс, 17 тонн бодис цацаад байна.
Сүхбаатар дүүргийн менежер Э.Чинзориг “Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын 132 албан хаагч, 96 гар техник, 10 хүнд даацын машинаар цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд 500 тонн давс, 500 тонн бодисыг нөөцөлсөн.Цаашид 200 тонн бодис, давс худалдан авахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил зам талбайн том техник дөрөв, жижиг техник зургаа, нийт 10 шинэ техникээр манай дүүрэгт шинэчлэл хийж өгсөн. Хуучин 22 техник давхар ажиллаж байна. Зуслангийн бүсэд найман мм хэмжээтэй цас орсон. ААН-үүд орчны 50 метрээ цэвэрлэх үүрэгтэй. Иймээс ААН-үүд үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлээсэй гэж хүсэж байна” гэв.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.