Үзэл бодол
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлснийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Мэндчилгээнд, "Монгол эх орныхоо, Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн ахмад буурлууд, тэдний түүхийг үргэлжлүүлэн бичиж байгаа идэр залуус, хүүхэд, багачууд та бүхэндээ XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй үхэр жил Улаанбаатар хотын иргэд бидэнд ээл, өгөөжөө хайрласан дэлгэр сайхан жил байлаа. Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа дагалдах 19 хууль, тогтоолын хамт шинэчлэн баталсан нь эрх зүйн шинэчлэлийн эх үндэс төдийгүй Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн. Энэхүү хууль болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г улаанбаатарчуудынхаа санал, хүсэлтэд тулгуурлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Энэ бүхнийг боловсруулахдаа 30 мянга гаруй нийслэлчүүдийн саналыг авч, нэн тэргүүнд шийдвэрлэх хотын асуудал бэрхшээлийг иргэдийнхээ хүсэлтэд тулгуурлан эрэмбэлж, тодорхойлсон билээ. Иргэд идэвхтэй, оролцоотой байна гэдэг хүсэл зорилго нэгдмэл байгаагийн илэрхийлэл юм. Мөн Улаанбаатар хотын дүрэм, хотын стандартын баримт бичгүүдийг боловсруулах шатандаа явж байна.
Улиран буй төмөр үхэр жил Улаанбаатар хотын хувьд шинэ эргэлтийн он жил байлаа. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулахаар болов. Энэ бол хотын хөгжлийг дэмжсэн түүхэн шийдвэр төдийгүй эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх санхүүгийн бодит дэмжлэг. УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулж, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон 26 гишүүн нам үл харгалзан нэгдэж, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжиж эхлээд байна.
Мөн Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн зургийг зурж, цахим шинэчлэлийг эрчимжүүлж, 2022 оны босгон дээр хүнд суртлын үүр уурхай болох 74 зөвшөөрлийг цуцаллаа. Ингэснээр хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл боломжийг иргэд, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нээж өгсөн. Энэхүү шийдвэр цар тахлын дараах их сэргэлтийн бодлогод нийслэлийн зүгээс оруулж буй хувь нэмэр, иргэдэд дэмжлэг болох учиртай юм. Нийслэлийн удирдлагын баг бүхий л салбарт ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч, хөдөлмөрлөсөн хүнийг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсээр байх болно.
Угтан золгож буй Сайжруулагч хэмээх усан бар жил Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулан, нэг төвт хотоос олон төвт метрополис тийш чиглэх их ажлын гарааны жил, их бүтээн байгуулалтын эхлэл он байх болно. Бид түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж, иргэн төвтэй хотыг цогцлоохын төлөө хичээнгүйлэн зүтгэнэ.
Сайжруулагч хэмээх усан бар жилд төр маань түвшин, түмэн олон минь амар амгалан байж, нийслэл Улаанбаатар хотын хөгжилд дэвшил авчирсан сайхан жил байхыг билгэдэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе." гэжээ.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Үзэл бодол
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ.