Цаг үе
ЦХХХЯ: Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ болон ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар гарын үсэг зурав.
Мөн тус санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо болон ШУА-ийн Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Сувданцэцэг нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн үндсэн зорилго нь орчин үеийн дэвшилтэт техник, технологи болон сансар судлал, сансрын технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх, судалгаанд суурилсан бодлогын болон технологийн шийдэл, загвар боловсруулах, хиймэл оюуны судалгааг хөгжүүлэх, салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, инновац, технологийн экосистемийг хөгжүүлэх, төр-эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Цаг үе
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Цаг үе
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 15-ны өдрийг хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хамтран гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтад улсын болон аймгийн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хамруулж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болсон.
Цаг үе
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.