Цаг үе
“Итали-Монголын текстилийн технологийн төв”-ийн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ
Монгол Улсын Засгийн газар болон Итали Улсын Засгийн газраас Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын ноос ноолууран түүхий эдийг Италийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар багагүй хугацаанд ярьж ажил хэрэг болгоход онцгой анхаарсаар ирсэн.
Энэхүү хамтын ажиллагаа үр дүнд хүрч, ажил хэрэг болж байгаагийн нэг чухал жишээ болж өнөөдөр “Итали-Монголын Текстил (нэхмэл)-ийн технологийн төв”-ийг албан ёсоор нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Итали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Лаура Ботта, Италийн Нэхмэлийн машин үйлдвэрлэгчдийн холбоо (АЧИМИТ)-ны ерөнхийлөгч ноён Алессандро Зукки, Монголын ноос ноолуурын холбооны удирдлагууд, тус төвд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн компаниудын удирдлагууд, донор байгууллагын төлөөллүүд оролцлоо.
“Итали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын ноос, ноолуурын холбооны дэргэд байгуулсан “Текстилийн технологийн төв”-ийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байгаа нь Монгол Улс, Итали Улсын хооронд нэхмэлийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг нээсэн түүхэн ач холбогдолтой өдөр болж байгааг цохон тэмдэглэхэд таатай байна. Монгол Улс малын гаралтай түүхий эдийн арвин их нөөц баялагтай орон бөгөөд Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогод “малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэлхийн брэндийн түвшинд хөгжүүлэх, ноолуурын салбарыг дэмжин самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх” зорилтууд тусгагдсан. Энэхүү технологи дамжуулах төвөөр дамжуулан Италийн Улсын туршлага, шилдэг техник технологийг нутагшуулах, улмаар түүхий эдээ бүрэн боловсруулж, зах зээлд гаргахад хамтарч ажиллах томоохон боломж бий болж байна.” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн юм.
Итали улсын техник технологи нь ноос ноолуурын салбарт хамгийн шилдэгт тооцогддог. Шинээр нээгдэж буй энэхүү төв нь орчин үеийн өндөр технологи бүхий төхөөрөмжүүд дээр ажиллах дадлага туршлагатай инженерүүдийг бэлтгэх, чадавхжуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
“Итали-Монголын Текстилийн технологийн төв”-ийн гол зорилго нь:
·Текстил (нэхмэл)-ийн үйлдвэрлэлийн бэлэн бүтээгдэхүүнд үйлдвэрлэгчдээс гарсан санал хүсэлтийн дагуу туршилт судалгаа хийж оновчтой технологийн горим, загварыг гаргах
·Салбарын инженер технологийн ажилтнуудын туршлага солилцох платформыг бий болгох
·Текстилийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнуудыг салбарт хадгалан авч үлдэх боломжийг эрэлхийлэх
·Жижиг, дунд үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгч нарт зориулж бүтээгдэхүүний загварчлал дээж үйлдвэрлэх, бүтээгдэхүүний аналитик шийдлийг гаргах
·Текстилийн салбарт шинээр хэрэгжүүлэх төслүүдэд зөвлөмж зөвлөгөө өгөх, хамтын шийдэлд хүрэх
·Үйлдвэрлэл эрхлэхийг зорьж буй Start up залуус, компаниудад зөвлөгөө өгөх,
·Үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэчлэх, технологио сайжруулах, үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх юм.
Тус төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр текстилийн үйлдвэрлэлийг цаашид эрчимтэй хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол ноолуурыг дэлхийн тавцанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно. Бэлтгэл ажлын хүрээнд нийт 600 сайн дурын идэвхтэн сургалтанд хамрагдсан бөгөөд НҮБ-ын Сайн дурын алба (UNV), Монголын Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), мөн КОП17-ын Үндэсний хорооны Ажлын алба хамтран зохион байгуулж байна.

Сайн дурын идэвхтнүүдийг Ногоон бүс, Цэнхэр бүс, зочид буудал, зам тээврийн чиглэл гэсэн үндсэн дөрвөн чиглэлд тодорхой ажлууд хариуцуулж ажиллуулахаар бэлтгэжээ. Сургалтын үеэр тэдэнд ажиллах талбай, тодорхой цэг, байршлыг танилцуулахын зэрэгцээ чиглэл тус бүрийн үүрэг, хариуцлага болон хурлын үеэр шаардагдах зохион байгуулалтын мэдээллийг хүргэлээ.
Ийнхүү 600 сайн дурын идэвхтэн сургалт, зохион байгуулалтын бэлтгэлээ бүрэн хангаж, хурлын үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн боллоо.
Цаг үе
БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Цао Ли болон холбогдох албаныхантай уулзаж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр БНХАУ-аас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн зохион байгуулалтад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж буйд Монголын тал талархал илэрхийлжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр COP17 бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, бэлтгэл ажлын явцыг танилцуулсан юм.
Монгол Улс тус хурлын үеэр “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван гол санаачилгыг олон улсад дэвшүүлэхээр бэлтгэж буй. Монголын талаас эдгээр санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтийг Хятадын талд тавьжээ.
Уулзалтаар мөн “Хятад-Монголын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв” байгуулах асуудлыг хэлэлцэв. Тус төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, бүтээн байгуулалт болон цаашдын үйл ажиллагааг байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад чиглүүлэх талаар талууд санал солилцжээ.
Төв байгуулах бэлтгэл ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Цаашдын бэлтгэл ажлын талаар санал солилцож, гуравдугаар үе шатыг эхлүүлэхээр тохиролцсон байна.
Түүнчлэн байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг 2026 оны есдүгээр сард Бээжин хотод Монгол, Хятадын цөлжилтийн хяналт, шинжилгээний хамтын ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Цаашид байгаль орчны чиглэлийн хамтарсан сургалт, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг хоёр улсын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ.
Цаг үе
"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна
Өв соёл, техник технологи, хөгжмийг хослуулсан "KHARKHORUM 360°" фестиваль эхлэхэд 10 хоног үлдлээ. Фестивалийн хүрээнд хөгжим, визуал артыг илүү тухтай орчинд мэдрэх боломжтой White Zone, Blue Zone, Green Zone VIP тасалбар худалдаанд гарчээ. VIP тасалбар захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг 8010-0969 утсаар авах боломжтой.
Дэлхийн хэмжээний фестивалиуд зөвхөн хөгжмөөр хязгаарлагдахгүй, байгаль орчноо хамгаалах, нийгмийн хариуцлагыг дэмжих чиглэлд анхаардаг жишгийг "KHARKHORUM 360°" фестиваль Монголд бий болгож байна. Мөн фестивалийг цаашид тогтмол зохион байгуулахын зэрэгцээ “Хархорин төгөл” санаачилгыг хэрэгжүүлж, урлаг, өв соёл, байгаль хамгааллыг хослуулсан төсөл болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд "KHARKHORUM 360°" фестивалийн зохион байгуулагчид Монгол Улсад энэ сарын 17-28-нд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын цаг хугацаатай уялдуулан “Хархорин” төслийг жил гаруйн өмнөөс боловсруулж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд “Нэг тасалбар, нэг мод” санаачилгыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, таны худалдан авсан нэг тасалбар бүрд нэг мод тарих юм.
KHARKHORUM 360° фестивалийнхаа тасалбарыг :
EventX.mn | Ticket.mn | Shoppy.mn -ээс аваарай.
🔎 Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/search/top?q=kharkhorum%20festival
Эх сурвалж:www.zms.mn
