Шударга мэдээ
БСШУЯ: Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд шилжүүлэн сургана
Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах 6 сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах юм.
Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Шударга мэдээ
Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ
Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж, бодит үр дүнд хүрээд байна.
Аймгийн хэмжээнд 2017 оны тооллогоор 3,635 га, 2018-2025 онд 1,609.56 га буюу нийт 5,244.56 га талбай эвдэрсэн гэж бүртгэгдсэн бөгөөд нөхөн сэргээлтийн ажлын дийлэнхийг Ерөө, Хүдэр, Баянгол сумдад хэрэгжүүлжээ.
2020-2025 онд нийт 4,817.71 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 4,082 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгснөөр нийт эвдэрсэн газрын 78 орчим хувийг нөхөн сэргээжээ.
Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, уул уурхайн компаниудын хариуцлагыг дээшлүүлэн ажилласны үр дүнд эвдэрсэн газрын хэмжээ буурч, байгаль орчны доройтлыг сааруулахад бодит ахиц гарч байна. Ялангуяа нөхөн сэргээлтийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн оролцоо энэхүү үр дүнд чухал хувь нэмэр оруулсан байна.
Шударга мэдээ
Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна
Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай.
Иймд иргэд:
- Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах
- Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
- Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
- Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр борооны усны урсцыг чөлөөтэй нэвтрүүлэх, ус тогтох эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Геодези, Усны Барилга Байгууламжийн газар
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
-
Шударга мэдээ2025/04/23
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буца...
-
Улстөр нийгэм2024/06/14
Малын сэг зэм устгалыг 94.18 хувьтай гүйцэтгэжээ
-
Улстөр нийгэм2022/08/11
НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа
-
Цаг үе2021/01/05
Өнөөдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
