Улстөр нийгэм
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлд нийт 113,474 хүүхэд хамрагдлаа
БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, БЕГ-ын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир, Боловсролын мэдээллийн технологийн төвийн дарга Ц.Тодгэрэл нар нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэл, хуваарилалт дууссантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 140904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгоод байна. Тодруулбал:
- Үндсэн барилга 124244,
- Түрээсийн байр 14133,
- Байгууллагын цэцэрлэг 2527 байна.
Нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэлд:
- “E-Mongolia” цахим системээр 111542,
- Уламжлалт элсэлтээр 1932 нийт 113474 хүүхэд хамрагдав.
Нийт 14 мянган суудал буюу 130 гаруй түрээсийн байрыг салбар бүлгээр ажиллуулж байна. Эдгээр байрын 70 хувь нь хичээлийн жилийн өмнө ашиглалтад орж, үлдсэн 30 хувь нь үе шаттайгаар ашиглалтад орж, хүүхдээ хүлээж авах юм.
Нэг айлын хүүхдүүд өөр цэцэрлэгт хуваарилагдсан бол хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргах боломжтой. Цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг шийдвэрлэх юм. Харин түр оршин суугчдын хүүхдийг хуваарилалтын дараа сул суудал гарсан цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулах боломжтой. Нийслэлийн цэцэрлэгийн 2 дахь шатны бүртгэл 9 дүгээр сарын 10-нд зохион байгуулагдана. Эхний шатанд хамрагдаж чадаагүй бол дараагийн шатанд хамрагдах боломжтой.
Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбогдуулан шилжилт хөдөлгөөн ихэссэн. Тухайлбал, 21 дүгээр сургуулийн хамран сургах тойрогт 6 настай 600 орчим хүүхэд байхаар төлөвлөлт хийхэд он гараад 900 орчим хүүхэд болон нэмэгдсэн.
84 дүгээр сургуулийн хамран сургах тойрог гэхэд өдөрт 10-15 шилжилт хөдөлгөөн, Монгол 3 дугаар сургуулийн хамран сургах тойрогт 70 гаруй шилжилт хөдөлгөөн хийгдэж байна. Энэ олон шилжилт хөдөлгөөний ард үнэн зөвөөр түр оршин суугчдад асуудал үүсгэж байгаа учир ачаалал өндөртэй хороодод тохируулга хийж, хянаж шалгах ажлыг зохион байгуулж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.






Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2020/02/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Улстөр нийгэм2025/05/27
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2020/04/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2022/07/22
Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн явцтай танилцлаа
