Цаг үе
Цаашид шинээр баригдаж буй орон сууцны хороолол дунд заавал цэцэрлэгийн барилга төлөвлөнө
Барилга, байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар, зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга, байгууламжийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгах, хэрэгжилтийг хангаж ажиллах зохицуулалт бүхий Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолтой холбоотой мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өглөө.
Энэ онд нийт гурван удаагийн цахим бүртгэлээр 124 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулаад байна. Монгол Улс яагаад сугалааны цэцэрлэгийн тогтолцоонд орчихсон юм бэ гэдэгт судалгаа хийж, дараах дүгнэлтийг гаргалаа. Тухайлбал, орон сууцны томоохон цогцолбор, барилгыг барих гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахдаа 24 цэцэрлэгтэй байна гэж мэдүүлдэг. Гэтэл зураг төслөө батлуулахдаа үүнийгээ 50 хувь багасгачихдаг. Эргээд барилгын ажил эхлэх зөвшөөрөл авахдаа өмнөх батлуулсан 24 цэцэрлэгийн тоогоо 26 болгоод нэмчихдэг. Харин Улсын комисс хүлээж авах болохоор архитекур төлөвлөлтийн даалгаврыг хоёр дахин багасгасан байдаг. Энэ байдлаас болж цэцэрлэгийн ямар ч төлөвлөлтгүй барилга бариад явж байгаа юм.
Нийслэл хотод 752 орон сууцны цогцолборын барилга баригдаж байна. Үүнээс 0.02 хувь буюу 20-хон цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Иймээс бид архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга эхлэх зөвшөөрөл, Улсын комисст хүлээн авах процесс бүрийг хариуцлагажуулна. Ингэхгүй бол цэцэрлэгийн хүртээмжид хэдэн тэрбумыг зараад ч шийдвэрлэж чадахгүйд хүрч байна.
Улсын комисс хүлээн авсан барилгын тоо, архитектур төлөвлөлтийн даалгаварт туссанаас 41 хувиар багассан үзүүлэлттэйгээр шинэ барилгууд баригддаг. Энэ бол цэцэрлэгийн хомсдол үүсгэж байгаа гол шалтгаан. Тиймээс бид цаашид цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор, барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад оруулсан, барих зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтнуудад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ажлуудыг зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Цаг үе
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
Цаг үе
Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч тавдугаар сард виз, зөвшөөрлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын 5104 иргэнд визийн зөвшөөрөл, 15574 иргэнд зохих ангиллын виз олголоо.
Мөн 1645 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 8198 иргэний оршин суух зөвшөөрлийн олголт, 1459 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4008 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэв.
Дээрх тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35.8 хувиар, оршин суух зөвшөөрөл олголт 61.3 хувиар, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 8.9 хувиар өссөн бол визийн зөвшөөрөл олголт 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх зорилгоор 24997, хөрөнгө оруулах зорилгоор 5539, суралцах зорилгоор 4570, гэр бүлийн шугамаар 3031, бусад зорилгоор 3268 гадаадын иргэн оршин сууж байна.

Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны зургаадугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 19-нөөс
2026 оны зургаадугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21,22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн зүүн хагаст,цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө 8-13 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
