Улстөр нийгэм
Боловсролын байгууллагын газрыг хууль бусаар худалдсан, эрх шилжүүлсэн зөрчил илэрлээ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсгийг байгуулж, төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн бүх шатны боловсролын байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудын газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийж дууслаа.
Салбарын хэмжээнд бүртгэлтэй байсан газраас 2015 оноос хойшхи хугацаанд нийт 45.4 га газар хасагдсан. Ерөнхий боловсролын 49 сургуулийн 9.6 га, сургуулийн өмнөх боловсролын 33 байгууллагын 5.5 га, дээд боловсролын 3 байгууллагын 0.09 га, шинжлэх ухааны 4 байгууллагын 30.2 га газар тус тус хасагдсан байна.
Газар хасагдсан үндсэн шалтгааныг судалж үзэхэд, төрийн өмчийн байгууллагад балансаас балансад шилжүүлсэн 33.1 га, газрын хэмжилтийн алдааг залруулсан 0.6 га, иргэн, төрийн бус өмчийн хуулийн этгээдэд шилжүүлсэн 4.0 га газар байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 2.2 га 12 газар, их дээд сургуулийн 1.8 га 8 газрын газар эзэмших эрхийг иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр тус тус шилжүүлсэн байна.
Эдгээр газруудаас 6 нь сургуулийн захирал, түүний эхнэр, жолоочийн нэр дээр, 8 газар багш ажилчдад зориулж бариулсан орон сууцны СӨХ-ны нэр дээр, 6 газар хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр тус тус шилжжээ.
ЕБС-ийн биеийн тамирын талбайн тодорхой хувь нь хууль бусаар хувийн компанийн нэр дээр шилжсэн. Гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр бүртгэлтэй сургуулийн газар хүртэл байна. Эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй боловч хувийн өмчийн этгээд барилга байшин, автомашины гараж барьсан газруудыг чөлөөлөх ёстой.
Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын өмчийн газраас иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцлах, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.
Газар эзэмших эрх нь шилжээгүй боловч төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан барилга, гараж, спорт заал зэрэг хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, газрыг чөлөөлөх арга хэмжээ авна.
Төсөв захирагч нарын 10 орчим хувь нь газар эзэмших, ашиглах эрхээ дахин үнэлгээ хийлгээгүй. Энэ дагуу Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг авахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь зөв гэж үзэж байна гэж Боловсрол,шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Улстөр нийгэм2020/05/27
Ө.Энхтүвшин: Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг түргэтгэх шаардлага байна
-
Цаг үе2024/10/08
"Хелен" хар салхины улмаас амь насаа алдсан хүний тоо 230-аас давжээ
-
Улстөр нийгэм2023/11/24
Түр хамгаалах байрны барилга угсралт, явцын талаар мэдээлэл сонслоо
-
Цаг үе2022/07/26
Цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, түрээслэх журмаар 22 мянган хүүх...
