Улстөр нийгэм
Бусдын гар утсанд тусгай программ суулган, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байжээ
Монгол Улсын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг /Да Хүрээ, Сандэй плаза, Дүнжингарав, Хархорин, Мөнгөн Завьяа, Нарантуул болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн худалдагч зэрэг/ иргэдийн гар утсыг “...Утсаараа нэг яриулаач, утсаа өгч байгаач, таны утаснаас мөнгөө шилжүүлчихье...” зэргээр худал хэлэн авч улмаар утсаа өгсөн иргэдийн гар утсанд тусгай программ суулгаж гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан иргэн М, Г, М нарыг цагдаагийн байгууллагаас баривчиллаа.
Дээрх гэмт этгээдүүд нь тусгай программыг ашиглан иргэдийн интернэт банканд хууль бусаар халдан нэвтэрч дансанд байгаа мөнгийг хулгайлах, хадгаламж барьцаалан зээл авах зэргээр их хэмжээний хохирол учруулж байсан нь тогтоогдсон тул Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн иргэн М, Г, М нь гар утас худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гар утсанд тус программыг суулган худалдан борлуулж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шинээр гар утас худалдан авч байгаа тохиолдолд бүтэн шинэчлэл хийж, өмнөх мэдээллийг устгаж байж хэрэглэх, үл таних хүнд өөрийн гар утсаа өгч ашиглуулахгүй байх зэргээр өөрийн цахим аюулгүй байдлаа хангаж, дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
Улстөр нийгэм
Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгөрөх боломжгүй гэж анхаарууллаа.
Reuters-ийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яам Украин Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөгт халдсан гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр халдлагын улмаас хөлөг дээр дэлбэрэлт болж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархаджээ.
Ираны тал уг халдлагыг “дайсагнасан, гэмт үйлдэл” гэж буруутган, Техран дахь Украины түр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Киев Украины дайны хүрээг тэлэхийг оролдож байна гэж үзэж буйгаа мэдэгдэж, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэдгээ онцолжээ.
Энэ хэрэг Орос, Украины дайн улам олон улсын шинжтэй болж буй үед гарч байна. Украин өмнө нь Каспийн тэнгист Ирантай холбоотой цэргийн ачаа тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцуудыг онилсон гэж мэдэгдэж байжээ.
Улстөр нийгэм
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Мөн айлчлалын үеэр Монгол-Тажикистаны бизнес дугуй ширээний уулзалт болон “Тажикистаны соёлын өдөр” боллоо.
Хүндэт зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар үдэж мордууллаа.

-
Цаг үе2020/10/20
Дотуур өмдөндөө мөнгөө нуусан сенатын гишүүн
-
Улстөр нийгэм2019/06/28
Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгү...
-
Үзэл бодол2023/01/20
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг анхны хэлэлцү...
-
Цаг үе2020/08/03
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
