Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улстай олон жилийн турш хамтран ажиллаж, парламентын чадавхыг бэхжүүлэх тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархалтай байдгаа илэрхийлэв.

Хатагтай Илейн М.Конкиевич цаг гарган хүлээн авч уулзаж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумын талаар товч танилцуулсан юм.

Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын зургаан эксперт оролцохоор хүрэлцэн ирсэн. Форум "Жендэрийн тэгш байдлын төлөөх улс төрийн намын манлайлал", "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл" сэдвийн хүрээнд хоёр өдөр үргэлжилнэ гэдгийг хатагтай Илейн М.Конкиевич тэмдэглэв.  Тэрбээр, шийдвэр гаргах түвшинд тэр дундаа парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн чухлыг онцлоод УИХ-ын даргын хувьд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг хоёр жил гаруйн хугацаанд Улсын төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж, улс төрийн намууд, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудыг оролцуулсан цуврал хэлэлцүүлгийг явуулж, санал авсан. Намууд улсын хэмжээнд бодлого, үйл ажиллагаа явуулдаг, санхүүжилт, орлогын эх үүсвэрээ ил тод зарладаг, хөрөнгөө олон нийтэд ил тод мэдээлдэг байх зэрэг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан хуулийн төсөл бэлэн болсон. Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэлээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа ардчилсан улс орнуудад тавигддаг нийтлэг, гол шалгууруудыг хангахыг зорьсон. Мөн төрөөс намуудад үзүүлэх дэмжлэг, санхүүжилтийг ил тод болгох, бодлогын намыг төлөвшүүлэх, жендэрийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй хангах зэрэг зохицуулалтыг тусгасан. Монголын ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намын тогтолцооны шинэчлэлийг хийхэд дэлхий дахины ардчиллын гол байгууллагууд болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комисс, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын дэмжлэг, санал зөвлөмж чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай Илейн М.Конкиевичийг “Ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль хамтран ирэх зургаадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганд оролцохыг урьсан юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг, Английн Ноттингемийн Их сургуулийн дэд профессор, Др.Фернандо Касаль Бертоа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”, “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай” зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Мөн хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоох, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Түүнчлэн “COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах “Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа

Огноо:

,

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.

Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.

Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.

Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.

“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.

Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувийн гүйцэтгэлтэй байна

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд барьж буй 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолын мэдээлснээр, үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн байр, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаагаас 2.8 км авто замыг ашиглалтад оруулаад байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд ч төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.

63 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийг тогтвортой дулаанаар хангана. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох