Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Батхаан уулын энгэрт мэндэлсэн бахархалт хүн

Огноо:

,

Батхаан овогт Хорлоогийн Цэндбаяр гэх нэрийг Төв аймгийнхан тэр дундаа Эрдэнэсантынхан андахгүй. Учир нь тэрбээр нутгийнхаа олон бахархалт хүмүүсийн нэг байсан юм. Батхаан уулын энгэрээс дандаа алдартнууд төрөн гардаг жамтай гэмээр. Учир нь, энэ нутгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтон долоо, Гавьяат цолтон 10 төрөн гарсан түүхтэй. Тэдгээрийн нэг бол миний хөрөг нийтлэлийн гол дүр болох Х.Цэндбаяр. Эрхэлсэн ажилдаа чин үнэнчээр зүтгэж, хөдөлмөрлөж чадсан хэн бүхнийг амьдрал шагнадаг гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж явсан энэ эрхэм буурлын үр хүүхэд, ач, гуч нь өдгөө ч сум орон нутагтаа аавынхаа нэрийг дуурсган ажил хөдөлмөр эрхэлсээр явна.

Х.Цэндбаяр нь 1932 оны хавар Төв аймгийн Эрдэнэсант суманд Батхаан уулын энгэр “Байшинт” хэмээх газар  мэндэлжээ.  Хорлоо малчны  хүү тэрбээр бага боловсролоо сумынхаа “Угалзат” багийн бага сургуульд эзэмшсэн байна. Харин 1944-1947 онд Баянчандмань сумын долоон  жилийн дунд сургуульд суралцаж, улмаар Улаанбаатар хотын I арван жилийн дунд сургуулийг 1950 онд төгсчээ. Хотод ерөнхий боловсролын сургуулиа төгссөн даруйдаа өөрийн хүсэлтээр мал маллахаар хөдөөг зорьжээ. Хэн бүхний гаргах шийдвэр биш ч залуухан хархүү зориг шулуудан нутгийн зүг хүлгийн жолоо залсан нь тэр. Эх орныхоо торгон хилийг нэр төртэй манах, эр цэргийн албанд мордсон нь 1952 оны үйл явдал.  Цэргийн албыг гурван жилийн хугацаатай хааж ирсэн цагаасаа хойш Цэндбаяр залуу халуун насаа сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө зориулж, хөдөлмөрлөж чадвал хүн ямар амжилт гаргаж болохыг үлгэрлэн харуулсан түүхтэй. Цэргээс халагдаж ирснийхээ дараа өөрийн хүсэлтээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Трактор, комбайнчны  сургуульд явж, Хөдөө аж ахуйн механикжуулагч-тракторч-комбайнчны мэргэжил эзэмшжээ.

Амьдралын ханьтайгаа учирч, ижий, аав болсон он жилүүд хэчнээн гоёхон дурсамж билээ. Түүний хань Ж.Өлзийхутаг нь Өмнөговь аймгийн Өлзийт суманд төржээ. Заяаны хань Х.Цэндбаяртай танилцсанаас хойш Эрдэнэсант суманд амьдарч, Мал аж ахуйн машинт станц, нэгдэлд ажиллаж байжээ. Мөн нэгдлийн даргын бичээч хийж байсан аж.  Харин түүний хань Цэндбаяр нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Өвс хадах морин станцад тракторч, комбайнч, Мал аж ахуйн машинт станцид тракторын бригадын ахлагчаас эхлэн Тэжээлийн аж ахуйн трактор, комбайнчны тасгийн даргаар ажилласан тэртээх 35 жилийн хугацаанд ажлаасаа нэг ч удаа хойш суугаагүй, үргэлж манлайлж, тэргүүн эгнээнд нь алхаж, залуу үедээ зөвөөр үлгэрлэж явсныг нутгийн зон олон, үе тэнгийн ахмад буурлууд нь өдгөө ч бахархалтайгаар эргэн дурсах.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд, ХАА-н сайд асан Ш.Гунгаадорж гуай дурсан ярихдаа “Эрдэнэсант чинь мундаг том аж ахуй байлаа. Тэжээлийн аж ахуйн  гурван бригадтай. Гуравдугаар бригад нь зүүн урд тал руугаа байсан. Ургац арвин авдаг сайн бригад байсан. Га-гаас 25 центнер ургац авч байсан шүү. Тэргүүн байрыг хоёр, гуравдугаар бригад нь авч байсан юм. Тэр үед болзол зарлачихсан байдаг байлаа. Трактор, мотоциклоор шагнадаг байсныг санадаг. Х.Цэндбаярын бригад их түрүүлнэ ээ. Ажлаас салдаггүй, мундаг хөдөлмөрч хүн байсан даа” хэмээжээ. Тэрээр, 1991 онд гавьяаныхаа амралтад гарснаас хойш мөн л сумынхаа хөдөө аж ахуй, хүнсний ногооны “Уртын гол” ХХК-д зөвлөх менежер, механикжуулагчаар ажиллаж байжээ.

Тэр эгэл монгол эр хүн бүрийн адилаар найранд гурван дуутай, наадамд гурван даваатай явсан. Аймгийн заан цолтой, волейбол, зээрэнцэг, шатраар  хичээллэдэг шаггүй спортлог эр байж. Энэ талаар түүний охин Ц.Баяр-Отгон дурсан ярихдаа “Миний аав ажлын төлөө л төрсөн юм шиг хүн байсан. Улсын ажлыг хэзээ ч цалгардуулж болохгүй гэдэг зарчимтай. Тэр жилийн хавар 80 настай эмээгийн маань бие нь тааруу байхад аав “Тариа тарих цаг дөхөж байна” гээд “Талын баян”-д байдаг бригад руугаа явчихсан гэсэн. Гэтэл аавыг эзгүйд эмээ бурхан болсон юм билээ. Хожмоо  аав минь өөрөө 80 хүрчихээд Монголын радиогоор Х.Үнэнхүү гавьяатын “Эхийн тухай дуу” явахад гэнэтхэн ихэд мэгшин уйлж билээ. Намайг юу болсныг асуухад “Би нээрээ айлын ганц хүү байж ажлын төлөө яваад эхийнхээ толгойг түшиж  чадаагүй дээ” хэмээн харамсаж байж билээ. Аав минь ингэж л ажлын төлөө махран зүтгэдэг, эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж байж салдаг хүн байлаа. Олон таван үггүй, шаардлага өндөртэй, тэмүүлэлтэй, залуусыг их дэмждэг, хэт шударга хүн байсан.  Гавьяатад таван удаа тодорхойлогдож байсан ч намын харьяаллаас  авч чадаагүй  юм” гэв. Тэр ч байтугай Хөдөлмөрийн баатар цолны болзлыг ажлын үр дүн, амжилтаараа таван удаа хангаж байсан гэдэг.  Монголын төр энэ мэт  эгэл баатруудаа  умартаж, их харуусал дунд явуулдаг нь гаслантай.

Х.Цэндбаярын удирдан ажиллаж байсан Хөдөө аж ахуйн Үр тарианы бригадын тасгийнхан амжилтаараа БНМАУ-ын “Ургацын аварга хамт олон”-оор таван удаа шалгарч, тэргүүлэн “ГАЗ-53” автомашин, “иж планета” мотоцикл, мөнгөн шагналаар /24000 төгрөг / тус тус шагнуулж байжээ. Тэдний хамт олноос тракторч комбайнч Т.Лувсанцэрэн нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болж, Сүхбаатарын одон,Алтангадас , Хөдөлмөрийн хүндэт медалиар тус бүр таван хүн шагнуулж байсан. БНМАУ-ын “Ургацын аварга”-аар 21 хүн 1-5 удаа шалгарч байсан нь түүхийн шарласан хуудаснаа тодхон бичигдсэн байх юм. Энэ бол сайн удирдагч, сайн ахлагчийн хичээл зүтгэл гэдэгтээ хэн ч маргахгүй болов уу. Түүний удирдсан үр тарианы бригад, тасгийн хамт олон нэг га-гаас авах 10 центнерийн  норм, төлөвлөгөөгөө жил бүр 120 хувиас дээш давуулан биелүүлж, ажилласан түүхтэй. Тодруулбал 1966, 1980,1973, 1975, 1976, 1980, 1981 онд нэг га-гаас 18-25 центнер ургац авч, улсын хэмжээнд онцгой өндөр амжилт тогтоосон байжээ. Энэ бүхэнд Цэндбаярын ижийгээ өвчтэй байхад нь орхиод явж байсан чин сэтгэл, ханийгаа тариан талбайд төрүүлэх хүртлээ махран зүтгэсэн хөдөлмөр зүтгэл ороогүй гэж маргах хүн гарахгүй байх аа.

Гэхдээ төр дандаа “сохор” байсан уу, гэвэл бас тийм биш. Түүнийг нутгийн зон олон, хөдөлмөрч, бүтээлч төв нутгийнхан дэндүү их мэддэг, бас хүндэлдэг байсан учраас Сумын АДХ-ын депутатаар гурван удаа, Аймгийн АДХ-ын депутатаар хоёр удаа сонгож, МАХН-ын XVII их хурлын төлөөлөгчөөр томилон явуулж байсныг нутгийнхан нь ярилаа. Монгол Улсын төр засгаас хөдөлмөрийг нь өндрөөр үнэлж, 1988 онд Сүхбаатарын одон, 1973 онд Алтан гадас одон, 1968 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсанаас гадна ойн медалиуд болон  Засгийн газрын Хүндэт жуух бичиг он онуудын “Таван жилийн гавъшгайч” цол тэмдгээр тус тус шагнуулж байсан нь өдгөө үр хүүхдүүдийнх нь гэрийн хойморт гялалзах ажээ.

Ааваараа, ээжээрээ бахархаж, би ийм хүний үр сад шүү хэмээн бардам хэлэх бахархлыг үлдээнэ гэдэг энэ орчлонд хүн болж ирсний утга учир юм. “Миний аав чинь Батхаан уулын энгэрт төрсөн бахархалт хүн байсан” хэмээн үр хүүхэд нь нүүр бардам хэлж байгаа нь хэчнээн сайхан.

Цэндбаярынх гэдэг айл дөрвөн хүү, гурван охинтой бөгөөд тэд бүгд улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, төр, хувийн хэвшлийн салбарт ажиллаж байна. Сэтгүүлч, багш, барилгачин, малчин, төрийн албан хаагч гээд салбарт бүрт эцгийн нэрийг сайнаар дурсгаж явна. Хүү Ц.Анхбаяртаа мэргэжлээ өвлүүлсэн бөгөөд өдгөө орон нутагтаа эхнэрийнхээ хамт газар тариалангийн бизнес эрхэлж, “Уртын гол” ХХК нь орон нутгийнхаа төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж явааг эцэг нь тэнгэрээс харж, талархан суугаа нь дамжиггүй.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг

Огноо:

,

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Итгэлтээс мал хулгайлах гэмт хэргийн талаар ярилцлаа.

-Өвлийн улирал эхэлж, иргэд идшээ бэлдэж эхлэхээр мал хулгайлах гэмт хэрэг нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа бэ?

-Мал хулгайлах гэмт хэрэг 9 дүгээр сараас  12 дугаар сарын хооронд үйлдэгдэг. Манай иргэд  өвлийн улиралд идшээ бэлдэж эхэлдэг учраас  үед мал хулгайлах гэмт хэрэг өсдөг. 2020 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газар,  Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтарч мал хулгайлах  гэмт хэргийн урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж  байгаа. 

Энэ жилийн хувьд “Мал, мах 2025” арга хэмжээг 10 дугаар сарын 15-наас эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт болон байнгын постыг 132 цэг байршилд ажиллуулж байна. Нийтдээ  288 алба хаагчид 24 цагаар байнгын хяналтыг хийж байгаа. Мөн Олон нийтийн цагдаа, Эрүүгийн цагдаа  нартай хамтарч мал, мах худалдаалдаг төв, зах болон мал нядалгааны газруудад Мал эмнэлгийн газартай хамтарч байнгын хяналт шалгалтын явуулж байгаа. Одоо аймаг, нийслэл рүү ямар ч бүртгэлгүй мал, мах орж ирэх боломжгүй болсон. 2020 оноос эхэлж мал болон махны бичгийг цахим болгосон. Өмнө нь гарал үүслийн бичгийг малын эмч бичиг өгдөг байсан.

-Малын хулгайн гэмт хэрэг энэ оны байдлаар хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?

-2025 оны есдүгээр сарын байдлаар 376 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

-Өвлийн идэшний үеэр бод мал хулгайлах гэмт хэрэг  зонхилон гардаг  байх?

-Мал хулгайлах гэмт хэрэгт бог мал, бод мал гэж ялгахгүй гардаг. Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг. Иймээс малчид малдаа тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөн малчдын хувьд туслах малчин авахдаа ямар хүн авч байна гэдгээ сайн судлах хэрэгтэй. Туслах малчид  мал хулгайлах гэмт хэргийн хамтрагч нь болох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн айлын мал нь хариулаг муутай, мал нь тарган гэх мэт мэдээллийг өгч байдаг. Ийм тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлж тогтоож байсан.

Мөн саахалт айлууд ямар хүмүүс байна гэдгээ маш судалж байх хэрэгтэй. Зуншлага муу байна гээд отор нүүдэл хийхдээ малчид нэг нэгнийхээ малын талаар мэдээлэл өгөх тохиолдол ч гардаг. Иймээс малчид сааталт айл болон туслах малчнаа сайн судалж, малын тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

-Мал хулгайлах гэмт хэрэг аль аймаг хамгийн их гардаг бэ?

-Мал хулгайлах  гэмт хэрэг харилцан адилгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээгээр Сүхбаатар, Хэнтий аймагт 22 тооны үхэр алдагдсан тохиолдол бүртгэгдсэн. Бод малын хувьд хариулаг бага байдаг  учраас хулгайд алдагдах тохиолдол их гардаг. Малчид бэлчээрт байгаа бод малын эргэж тойрч, хардаг байх хэрэгтэй байна. Одоо үед мал хулгайлахдаа тууж явахгүйгээр машин тэргэнд дээр ачиж явдаг болсон.

-Өвлийн улирал эхлэхээр идэшнээс гадна өвс тэжээлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг нэлээдгүй гардаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Намраас өвлийн улиралд шилжих үед өвс тэжээлийн залилах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар 135 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Мал, мах, өвс тэжээл авна гэдэг зарын дагуу иргэдийг залилах тохиолдол нэлээд гардаг.  Энэ жилийн хувьд баруун таван аймаг зуншлага муутай байгаа. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг өртөх эрсдэл их байна. Мөн өвс тэжээл бэлтгэж худалдаалдаг хүмүүсийн зар мэдээллийг ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймээс иргэд мал, мах, өвс тэжээл худалдаж авах гэж байгаа бол маш сайн нягталж байж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Сүхбаатар: “Модны памперс” нэг модны усалгааг 40–60 хувиар бууруулна

Огноо:

,

~2000 ширхэг модны усалгаанд жилд 700–800 тонн ус зарцуулна гэвэл “Модны памперс”-аар 300–400 тонноор бууруулах боломжтой~

Сүүлийн жилүүдэд манай улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах зорилгоор ногоон байгууламжаа нэмэх, мод тарих ажлыг эрчимтэй өрнүүлж буй. Хуурай хөрс, салхи, усны хомсдол зэрэг байгалийн нөхцөл нь шинээр ургаж буй мод, бутанд хамгийн том сорилт болдог. Тэр тусмаа монгол орны энэхүү хуурай, эрс тэс уур амьсгалд модыг тарихаас илүү, ургуулахын тулд ихээхэн сорилтыг давах шаардлагатай нүүр тулсаар байна. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх нэгэн гайхалтай технологийг монголд албан ёсоор нэвтрүүлээд байгаа аж. Энэ талаар “Green Iris” компанийн захирал Б.Сүхбаатартай бид ярилцлаа.

-Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалд мод ургуулах нь амаргүй. Танай компани энэ асуудлыг шийдвэрлэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэж сонслоо? 

-Тийм ээ, монгол орны газар нутгийн 77 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа бий. Жилийн дундаж хур тунадас 250–300 мм, салхи ихтэй, хөрсний элэгдэлд өртөмтгий учраас мод тарихад хэцүү бүс нутагт тооцогддог. 

Харин бид ийм нөхцөлд мод ургуулах шинэ арга технологийг эрэлхийлж, бусад орны туршлагаас судалсны үр дүнд “TreePampers”-ийг монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна. 

Шинээр суулгаж буй мод, бут сөөгийн үндэс орчимд үүнийг ашигладаг бөгөөд энэ технологи модны суулгацдаа удаан хугацаанд чийг өгч, шаардлагатай шим тэжээлээр хангадаг. 

Ийм технологийг нэвтрүүлснээр монголын говь болон цөлөрхөг бүс нутаг зэрэг мод ургах нөхцөлгүй газруудад хүртэл амжилттай ургуулах боломжтой болж байна. 

–Монголтой ижил хуурай, цөлөрхөг уур амьсгалтай орнуудад энэ технологийг туршиж үзсэн байх?

-Хятад, Энэтхэг, Төвөд зэрэг уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй бүсэд туршиж, үр дүн нь 90 хувьтай гарсан байдаг. Тухайлбал, “Дэлхийн гурав дахь туйл” хэмээгддэг хүчилтөрөгч бага, далайн түвшнээс дээш 5013 метрийн өндөрт байрлах Төвөдийн өндөрлөгт TreePampers-ийг ашиглан амжилттай мод ургуулсан жишээ бий. 

Төвөдийн хөрс шим тэжээл багатай, хатуулаг чанар их байдгаас хэр барагтай мод, ургамал ургах нь бага. Харин TreePampers-ийн ус хадгалах, аажмаар ялгаруулах технологи модны үндсийг ургахад дэмжлэг үзүүлж, хөрсний чийгийг 100 хоногийн дараа ч 50-аас дээш хувьтай хадгалсан байсан. 

-Тэгвэл Монголын нөхцөлд туршиж, амжилттай болсон жишээ бий юу? 

Бид нэг жилийн турш Улаанбаатар, Увс, Өмнөговь, ялангуяа говийн шаварлаг хөрстэй бүсэд TreePampers®-ийг ашиглан туршилт судалгаа хийсэн. Үр дүнд нь энэ технологиор ургуулсан модны амьдрах чадвар 85–90 хувьтай байсан бол энгийн аргаар тарьсан модны амьд үлдэх хувь 40–50 хувь байсан нь батлагдсан. 

Хамгийн сонирхолтой нь, говийн элсэрхэг хөрсөнд суулгасан модыг 100 хоногийн дараа дахин үзэхэд хөрс чийгтэй хэвээр байсан бол хар шороон хөрсөнд бичил биетний идэвхжил дөрөв дахин өссөн нь сайн үр дүнг харуулсан. 

Манай улс газар зүйн болон уур амьсгалын хувьд өндөрлөг, хуурай, салхи ихтэй тул Төвөдтэй олон талаараа төстэй бөгөөд энэ технологи манай орны нөхцөлд тохирох нь олон жишээгээр батлагдаж байна.

– Усны хомсдол бол монголд мод ургуулахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг. Энэ асуудлыг шийдэхэд TreePampers ямар үр нөлөө үзүүлж байна вэ?

-Манай оронд модыг услахад ашигладаг усны ихэнх нь гүний эх үүсвэрээс гардаг. Гэвч гүний усны сэргээгдэх хугацаа урт байдгаас гадна, шинээр худаг гаргах нь өндөр өртөгтэй байдаг. Түүнчлэн ус бол хязгаартай нөөцтэй байгалийн баялаг. Ийм нөхцөлд бидэнд усны менежментийн ухаалаг шийдэл зайлшгүй хэрэгтэй. 

TreePampers-ыг ашигласнаар нэг модны усалгаанд зарцуулах усны хэмжээг дунджаар 40–60 хувиар бууруулах боломжтой. Жишээ нь, нэг га талбайд 2000 мод суулгалаа гэж бодоход усалгаанд жилд ойролцоогоор 700–800 тонн ус зарцуулна. Тэгвэл манай технологийг ашигласнаар энэ хэмжээ 300–400 тонн хүртэл буурах боломжтой. 

Өөрөөр TreePampers-ийг усыг үр ашигтайгаар ашиглах систем гэхэд болно. Учир нь хөрсөнд шингэж алга болохгүй, ууршихгүй, харин шаардлагатай үед модыг чийгээр хангаж, давхар бордоо болох юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд нүүрлээд буй ган гачигтэй үед ч модыг ургуулах боломжтой гэсэн үг. 

-Модыг их усаар услах тусам сайн гэх ойлголт олон нийтийн дунд бий шүү дээ. Энэ яг зөв усалгаа болж чадах уу? 

-Модыг суулгасны дараах эхний усалгаа нь үндэс орчмын хөрсийг чийгтэй болгож, агаарыг шахах зорилготой байдаг. Энэ үед нэг модонд 20–30 орчим литр ус (модны хэмжээ, хөрсний төрөл, улирлаас шалтгаална) өгөхөд хангалттай байдаг. Мэдээж хэт их усалж хөрс шавхайтвал, агааргүй орчин үүсэж үндэс “амьсгалж” чадахгүй, ялзрах аюултай. Иймээс модыг амжилттай ургуулъя гэвэл чийгийг тогтвортой байлгах нь хамгийн оновчтой. Үүнд л TreePampers шиг ухаалаг чийг хадгалах технологи туслах юм.

Өөрөөр хэлбэл, энэ технологи модыг их усаар биш, зөв цагт, зөв хэмжээгээр услахад тусална. 

Жишээ нь: Хүн нэг дор 20 литр ус уугаад 30 хоног дахин ус уухгүйгээр амьдрах боломжгүй. Харин тэр 20 литр усаа саванд хадгалж, хэрэгтэй үедээ бага багаар уувал 30 хоногийг давж бүрэн чадна.

TreePampers® яг үүнтэй адил зарчмаар ажилладаг. Энэ нь модны үндсэнд усыг хадгалж, чийг хэрэгтэй үед тохирох хэмжээгээр аажмаар нийлүүлдэг. Харин бусад үед гадагш чийгээ алдалгүй хамгаалдаг тул усны хангамжийг урт хугацаанд тогтвортой байлгадаг. 

-TreePampers ямар бүтэцтэй вэ?

-Энэ бол 100 хувь органик гаралтай, байгальд бүрэн задрах бүтэцтэй технологи. Үндсэн найрлагадаа  ургамлын гаралтай целлюлоз, байгалийн давирхай, био бордоо, бичил биетийн өсгөвөр зэргийг багтаасан байдаг. Энэ утгаараа химийн хорт бодис агуулаагүй, хөрсний бүтцэд сөрөг нөлөөгүй гэсэн үг юм. 

Гадна давхарга нь ус хурдан нэвчин орж буцаж урсахгүйгээр цөмдөө хадгалж, үндэс ургах нөхцөлийг дэмжиж, суурилуулалтын явцад хэлбэр бүтэн байдлаа хадгалдаг материалтай. Дотор давхарга болох BioBoost бичил биетний хальс нь полисахарид, органик болон амин хүчлүүдийг агуулсан, нүүрстөрөгчөөр баялаг найрлагатай бөгөөд энэ нь хөрсний бичил биетнийг тэжээж, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлснээр шим тэжээлийн эргэлтийн системийг дэмждэг. Өөрөөр хэлбэл TreePampers® нь усны хомсдолтой, цөлжилт болон хуурайшилт ихтэй бүс нутагт модны ургалтыг дэмжиж, хөрсний бүтцийг сайжруулан шим тэжээлийн эргэлтийг идэвхжүүлдэг ухаалаг, тогтвортой шийдэл юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй

Огноо:

,

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам талбайд 51 тонн давс, 17 тонн бодис цацаад байна. 

Сүхбаатар дүүргийн менежер Э.Чинзориг “Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын 132 албан хаагч, 96 гар техник, 10 хүнд даацын машинаар цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд 500 тонн давс, 500 тонн бодисыг нөөцөлсөн.Цаашид 200 тонн бодис, давс худалдан авахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил зам талбайн том техник дөрөв, жижиг техник зургаа, нийт 10 шинэ техникээр манай дүүрэгт шинэчлэл хийж өгсөн. Хуучин 22 техник давхар ажиллаж байна. Зуслангийн бүсэд найман мм хэмжээтэй цас орсон. ААН-үүд орчны 50 метрээ цэвэрлэх үүрэгтэй. Иймээс ААН-үүд үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлээсэй гэж хүсэж байна” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ2025/11/07

Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуул...

Улстөр нийгэм2025/11/07

ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав да...

Улстөр нийгэм2025/11/07

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ...

Цаг үе2025/11/07

Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж то...

Цаг үе2025/11/07

Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуул...

Цаг үе2025/11/07

Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруул...

Цаг үе2025/11/07

Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохи...

Цаг үе2025/11/07

Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна...

Цаг үе2025/11/07

Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалт...

Улстөр нийгэм2025/11/07

"Ган үзэг 2025" оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

Санал болгох