Улстөр нийгэм
Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгана
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг аравдугаар сарын 20-нд хуралдаж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Ажлын хэсгийн дарга П.Сайнзориг хурлыг удирдан явуулав.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны есдүгээр сарын 20-ны А/1108 захирамжаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг “Хотын хөгжлийн индекс”-ийн дагуу үнэлж, дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Мөн 2023 оны аравдугаар сарын 18-ны А/1218 захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, ажлын уялдаа холбоог хангах, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар албан тушаалдаа томилогдсон даруйдаа нийслэлийн иргэд болон НИТХ-д хандаж “Улаанбаатар хотын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, үрэлгэн, данхар бүтцийг багасгаж, үйл ажиллагааны ил тод байдлыг ханган, нийслэлийн төрийн байгууллагын бүтээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх бодлого баримтална. Өөрөөр хэлбэл, нийслэлийн сэргэлт, тогтвортой хөгжлийг оновчтой засаглалын шинэчлэлийн бодлогод тулгуурлан эхлүүлнэ” хэмээсэн юм.
Мөн тэрбээр төрийн үйлчилгээний цахимжуулалтыг эрчимжүүлж, ил тод байдлыг ханган, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, иргэдийн төлөө зөв сэтгэлээр ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ онцолсон билээ. Энэ хүрээнд дээрх Ажлын хэсэг НЗДТГ, УБЗАА, есөн дүүргийн ЗДТГ болон нийслэлийн харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгахаар ажлын байрны шинжилгээ хийж, нэгдсэн дүнг ирэх арваннэгдүгээр сард Хотын даргад танилцуулах юм.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Улстөр нийгэм2021/09/28
УОК: Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах түр журмыг хүчингүй болголоо
-
Улстөр нийгэм2021/02/25
Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичээллэнэ
-
Цаг үе2024/03/12
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
-
Улстөр нийгэм2020/12/21
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2020.12.21/
