Улстөр нийгэм
Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд “Шударга ёсны клуб” байгуулав
Авлигатай тэмцэх газраас их, дээд сургуулийн оюутан залуусын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, сургуулийн орчинд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, шударга байх соёлыг түгээх ажлын хүрээнд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчдын “Шударга ёсны клуб” байгуулах нээлтийн арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал хурандаа Б.Өлзийхуяг нар оролцож оюутан, залууст хандаж “Шударга ёсны клуб” байгуулах хэрэгцээ шаардлага, шударга ёс, үнэт зүйлсийн талаар яриа өрнүүлсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас бэлтгэн гаргасан видео контентыг үзүүлж, шударга ёсны тухай санаа бодлыг нь сонсож, үе тэнгийн залууст шударга ёсны талаарх өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг хүргэх боломжоор хангав.
Нээлтийн арга хэмжээнд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Цэргийн нэгдсэн дээд сургууль болон Аюулгүй байдлын дээд сургуулийн 1-4 дүгээр курсын 420 сонсогч, оюутан хамрагдсан бөгөөд клубт элсэх хүсэлтэй оюутнуудыг бүртгэж үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл өгөв.
2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.
Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг тэмдэглэлээ.
Мөн гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгааг онцоллоо.
Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.
Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжлэл гарч байгаа нь зүй ёсны шаардлага гэж Ерөнхийлөгч үзлээ.
УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан.
Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзлээ.
2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон.
Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улстөр нийгэм
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилгоор гадаадын иргэдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд уян хатан бодлого баримталж байна.
Тухайлбал, гадаадын ажилтан авах бодлогод эдийн засгийн үйл ажиллагааны бүтээмж өндөртэй уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, санхүү даатгал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжих нь зүйтэй. Харин барилга, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээ, ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй.” гэж заасан. Хуульд заасан дээрх хугацаа нь улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад гадаад ажилтан урих үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар гадаад ажилтан авч ажиллуулах ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөж, зардал хэмнэгдэх, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Улстөр нийгэм
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг зохион байгуулна
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.
Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
Бүртгэлийн хуудсыг эндээс татаж авна уу
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО
-
Цаг үе2020/04/08
Чилийн Боловсролын яамнаас коронавируст халдварын тархалтын үед авч, хэрэгжүүлж ...
-
Цаг үе2023/06/14
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Цаг үе2023/03/21
Алга болсон 5 настай охиныг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө
-
Цаг үе2022/10/26
Гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадан авч боло...