Улстөр нийгэм
Зэсийн баяжмалын арилжааг нээх цан цохих ёслол боллоо
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 29-нд зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.
Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:
"Монгол Улсын Засгийн газрын 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжихаар болсон бол 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу бид арилжаа зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна.

Энэхүү шийдвэр нь Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн 30 гаруй жилийн түүхэнд бас нэгэн том цонх нээсэн онцгой үйл явдал байлаа. Өнөөдрийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн буюу 2718 хуурай метр тонн зэсийн баяжмалыг арилжаална. Хуурай метр тонн тутмыг 2141.83 ам.доллароос эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг зохион байгуулах юм. Монголын хөрөнгийн бирж, уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжин хөгжиж буй энэхүү түүхэн үйл явцад МУ-ын стратегийн өндөр ач холбогдол бүхий, Монголын ард түмний өөрсдөө гар, бие оролцон бүтээн байгуулсан хамгийн том үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК зэсийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулсанд бид баяртай байна. Хүрэлцэн ирсэн эрхэм зочдодоо дахин талархал илэрхийлээд Монголын хөрөнгийн биржээр арилжаалах зэсийн баяжмалын анхны арилжааг нээх, цан цохин ёслол нээснийг мэдэгдье” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: “Санхүүгийн зохицуулах хорооноос МХБ-ийн "Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам"-ыг 2024 оны 134 дүгээр тогтоолоор үйл ажиллагаандаа мөрдүүлэн ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нөхцөл бүрдсэн.
Цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг өсгөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, биржийн арилжаанд үр дүнтэй хяналт тавих, зуучлагч брокеруудын чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, бусад улсын зохицуулагч, арилжаа эрхлэх байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорин ажиллана” гэдгийг онцолсон юм.

УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга: “Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр урт хугацааны турш ажилласан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2023 онд биржийн арилжаагаар 2.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого Монгол Улсын эдийн засагт орсон. Энэ нь улс орны эдийн засагт шууд утгаараа эерэг нөлөөг үзүүлснийг онцлон хэлье.
Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмалыг оруулж, төрийн болон орон нутгийн өмчит ААН, ТӨҮГ-ийг экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалахаар тусгасан тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МХБ-тэй хамтран зохих бэлтгэлийг хангасны дагуу өнөөдөр зэсийн баяжмалын арилжааг ийнхүү эхлүүлж байна” гэв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал Г.Ёндон: “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зэсийн баяжмалаар бүтээгдэхүүний төрөл ангилал нэмэгдсэн нь 2020-2024 онд Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн олон том ажлуудын нэг болж буйг хэлэхийг хүсч байна” гээд арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээсэн юм.

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

Улстөр нийгэм
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.
Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.
Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өсөж буй шалтгаан, урьдчилан сэргийлэх ажил, төрийн албан хаагчдын оролцоо, цахим орчин дахь хууль бус эргэлт, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэх чадавх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ энэ төрлийн гэмт хэрэгт төрийн 22 албан хаагч холбогдсон талаар танилцуулсан юм. Тэдний зургаа нь хорих, дөрөв нь зорчих эрхийг хязгаарлах, нэг нь торгох, гурав нь нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, долоо нь тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Мөн хоёр хүн гадаад улсад шалгагдсан байна.
Дэд сайдын мэдээлснээр энэ төрлийн гэмт хэрэг 2002 оноос хойш 150 дахин өссөн бөгөөд үүнийг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил дутмаг байсантай холбон тайлбарлав.
Улсын Их Хурлын гишүүд хуулийн зохицуулалт нь олон салбар дамнасан, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолж, хар тамхитай тэмцэх бүтэц, чадавхыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон төрийн болон хууль, хүчний байгууллагын албан хаагчдад оногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатайг тэмдэглэлээ.
Ингээд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
