Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулан, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, ийнхүү Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр, уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдүүлэх юм. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрх зүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.
Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна
Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216,989 өрх нь гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байна. Энэ нөхцөл байдал нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийн бүрдүүлээд байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээг эдгээр иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Мөн орон сууц, түүний дэд бүтэц, газар хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг хариуцах бүтцийг тодорхой болгож, тэдгээрийн эрх зүйн байдал, чиг үүргийг тодорхой болгох шаардлага үүсэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29.1 мянган айлын орон сууц олон нийтийн нээлттэй зар дээр борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. мөн 2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянга айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь манай улсын орон сууцны зах зээл дээр 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэхээр байна.
Иймд орон сууцтай болох хүсэлтэй бага, дунд орлоготой иргэдэд зах зээл дээр байршиж буй дээрх 66.4 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг ойртуулах бодлогыг төрөөс хэрэгжүүлэх, улмаар хувийн хэвшлийн өмчийн барилга ашиглалтыг сайжруулах, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Шинээр ашиглалтад орох дээрх 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн байгаа нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж тааруу, эдийн засгийн багтаамж бага, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг харуулахын зэрэгцээ шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ улам эрчимжүүлэх, хөдөлмөр, эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг нэн чухал шаардлагатай байгааг харуулсаар байна.
Иймд төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас бий болж буй орон сууцны нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгох болон 2013 оноос Монголбанкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, тус хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнд нийцүүлэн цаашид урт хугацаанд тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.
Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.
Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.
“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.
Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.
Улстөр нийгэм
Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувийн гүйцэтгэлтэй байна
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд барьж буй 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолын мэдээлснээр, үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн байр, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаагаас 2.8 км авто замыг ашиглалтад оруулаад байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд ч төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.
63 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийг тогтвортой дулаанаар хангана. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
