Цаг үе
Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл хоёрдугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээн байгуулалт, барилгын асуудлаар санал солилцов. Уулзалтын хүрээнд, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн танилцуулга, “Hunnu smart city” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө:
-Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Улаанбаатар хотыг дэмжих жил болгон зарласан. Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн дийлэнх нь Улаанбаатар хотод хэрэгжихээр тусгагдсан байгаа. Тойрог хурдны зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтаас эхлээд Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлсон жилүүд эхэлж байна. Бид Улаанбаатар хотын өнгөрсөн алдааг давтахгүйн тулд дагуул хотууд дээр дэд бүтцийн ажлуудыг шинээр хийж хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 56 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 44 хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээ хүртээмжгүй бүсэд амьдарч байна. Улаанбаатар хотын зүгээс 2040 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулах гээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа. Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсанаар нийт хүн амын 84 хувийг орон сууцанд, үлдсэн 16 хувийг амины орон сууцанд гэдэг байдлаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдийг тохь тухтай орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дэмжлэг, бодлого зохицуулалтаар үргэлжлүүлнэ. 2028 он гэхэд 76 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа.
Вьетнамын ROX группийн хувьд үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, иргэдэд мэдээлэл технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг томоохон групп юм. Англи, Франц гээд дэлхийн олон оронд зочид буудал, банк санхүү, үл хөдлөхийн хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй 400 гаруй төслийг хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд, Кыргызстанд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.

ROX группийн ТУЗ-ийн дарга Nguyen Thi Nguyet Huong:
- Манай хоёр орон 70 гаруй жилийн хамтын ажиллагаатай. Хамтын ажиллагааны хүрээнд бизнесийн таатай орчин бүрдэж байгаа гэж харж байгаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид туршлага судлах, хамтран ажиллах ажлууд эрчимжсээр байна. Өнөөдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын барилгажилт, бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байгаадаа тун таатай байна. Бид бүхэн хоёр баг бүрэлдэхүүн болж Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Үлдсэн баг маань өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний сайдтай уулзалт хийж байна. Бидний зүгээс Монгол Улсад эрчим хүчний шийдэл болж чадах сэргээгдэх эрчим хүчний төслийг танилцуулж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний технологийг ашигласнаар агаар, орчны бохирдлыг бууруулахаас гадна, иргэддээ илүү ээлтэй, ногоон хот болох боломжтой. Нарны цахилгаан станцын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлбэл Улаанбаатар хот тэр чигтээ эрчим хүчний асуудлаа шийдвэрлэж чадна.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр:
-Манай улсын хувьд 2050 он гэхэд Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн төв болно гэсэн томоохон зорилго дэвшүүлээд байгаа. Дагуул хот төлөвлөж байгаа энэ бүс нутагт агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн нэгдсэн зангилаа болох төлөвлөлттэй явж байна. Засгийн газар сүүлийн жилүүдэд маш амжилттайгаар агаарын тээврийн либералчлалыг хийж байгаа. Энэхүү дагуул хотод төр, захиргааны байгууллагууд буюу яам агентлагууд, тээвэр логистикийн төвүүд, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдана. Цаашдаа Хүннү хотын эдийн засгийн 80 гаруй хувийг үйлчилгээний салбараас бүрдүүлнэ гэж зорьж байна.

НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан:
-Монгол Улсын хувьд нүүдэлчин соёлын аж ахуйгаас суурин хэвшмэл байдал руу шилжих үйл явц маш эрчимтэй явагдаж байна. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрч амьдарч байгаа. Товчхондоо, төвлөрлөөс болж дэлхийн томоохон хотуудын туулсан зам, асуудлыг бид ч туулж явна. Сүүлийн 10 жил хотжилт, орон сууцжуулах үйл ажиллагаа маш эрчимтэй, хурдацтай явж байгаа. Гэсэн хэдий ч гэр хороололд амьдардаг иргэдийн тоо буурахгүй байгаа нь асуудал болоод байна. Тиймээс бодлогын хүрээнд, хяналтын түвшинд зангидаж явах “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөллүүдтэй өнөөдрийн энэхүү уулзалтыг зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй барилгын компаниудтай мөн санал солилцож байгаад баяртай байна.
"УЛААНБААТАР ОРОН СУУЦЖУУЛАЛТ" ХХК
Цаг үе
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
Энэ оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай болон COP17 Зам, тээвэр, логистикийн дэд хороо, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох удирдлагуудын оролцлоо.
2026 оны 08 дугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд уг уулзалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцох, байгууллагуудын уялдаа холбоог хангах зорилгоор хуралдав.
Тус хурлаар Олон Улсын энэхүү томоохон арга хэмжээний үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тээврийн хэрэгслийн урсгалыг оновчтой зохион байгуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний удирдлага, хяналтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсад хүрэлцэн ирэх гадаадын зочид, төлөөлөгчдийн аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тэмдэглээд, замын хөдөлгөөний зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах, ая тухтай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, онцлогийг мэдрүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатайг дурдав.
Мөн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын уялдаа холбоог хангах, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санал нэгдэн, дахин хуралдахаар тохиролцов.
Цаг үе
Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) 82 дугаар чуулган 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганы хүрээнд 4 дүгээр сарын 23-ны өдөр шар шороон шуурганы асуудлаарх тусгай арга хэмжээ болж, бүс нутгийн орнууд байгалийн энэ гамшгийн эсрэг хүчээ нэгтгэх шинэ санаачилгыг албан ёсоор эхлүүлэв. Уг арга хэмжээг Монгол Улс, НҮБ болон "Хятад-Япон-БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар" хамтран зохион байгуулсан юм.
Олон улсын байгууллагуудын гаргасан тайлангаар сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын тал шахуу хувь буюу 3.8 тэрбум хүн аюултай түвшний тоосжилтод өртөөд байгаа бөгөөд жил бүр агаар мандалд дэгдэж буй 2 тэрбум тонн элс, тоос нь 150 гаруй улс орны иргэдийн эрүүл мэнд, хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болжээ. Зүүн хойд болон Төв Азийн хуурай бүс нутгаас эхтэй шороон шуурга Бээжин, Сөүл, Токио зэрэг томоохон хотуудын агаарын чанарыг ноцтой доройтуулж байгаа нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байгааг илтгэж байна.
Монгол Улсын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн хэмжээнд цаг уурын ажиглалтын нэгдсэн тогтолцоотой болох, иргэдэд хүртээмжтэй эрт сэрэмжлүүлэг хүргэх систем хөгжүүлэх, мөн хамтын ажиллагааг институцийн түвшинд тогтвортой бэхжүүлэх гэсэн гурван гол чиглэлийг санал болголоо. Энэхүү чухал санаачилгыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлын (COP17) үеэр дэлхий нийтэд албан ёсоор танилцуулахаар талууд тогтсон байна.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

-
Цаг үе2023/05/11
Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
-
Шударга мэдээ2022/01/11
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана
-
Улстөр нийгэм2021/05/25
Имарт худалдааны төв худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнээ цахим бүртгэлд нэг...
-
Цаг үе2023/07/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
