Улстөр нийгэм
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4, зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон.
Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлсэн юм.
Маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлов гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танилцав.
Уг инновацын төв нь сансрын техник, технологийг хөгжүүлэх, түүний хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба энэхүү нэр хүндтэй байгууллагад Монгол Улсын иргэн Б.Марал ахлах зөвлөхөөр ажилладаг. Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдсэн тэрбээр хиймэл дагуулын өгөгдөл дээр судалгаа, шинжилгээ хийж байна. Б.Марал нь Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалж, “Keeley Scholar” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ.
“Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төв нь дэлхий нийт анх хиймэл дагуул хөөргөж эхэлсэн үе буюу 1970 оноос хойших өгөгдлүүдэд тулгуурлаж, хувийн хэвшлүүдтэй хамтран байгаль орчин, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, уул уурхай зэрэг олон салбарт судалгаа хийдэг. Тодруулбал, газар тариалан эрхлэх боломжтой хөрс сонгох, эрчим хүчний салбарт нар, салхины цахилгааны станц байгуулахад өндөр үр ашиг өгөхүйц байрлалыг сонгох, уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг судлах гээд олон чухал судалгааг хиймэл дагуулын өгөгдөлд тулгуурлан явуулж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамтын ажиллагааны шинэ чиглэл болох хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн технологийн компаниудад ажиллаж буй Монгол залуусын төлөөлөлтэй 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудад ажиллаж буй залуусын туршлага, мэдлэг улс орны хөгжлийг түүчээлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, амжилт хүсэв.
Монгол залуус өөрсдийн ажлын туршлагаасаа хуваалцаж, олон улсад өрсөлдөхүйц технологийн системийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэгийн зохицуулалтын талаар саналаа хуваалцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д албан ёсны айлчлал хийж байна
Уулзалтын үеэр талууд цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн, тэрбээр, Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн дарга Фабиан Хамилтонтай уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын тавьж буй зорилт, парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” бодлого болон Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2025/01/08
ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засаг, хөгжлий...
-
Үзэл бодол2024/11/20
Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа соёл болгон төлөвшүүлэх...
-
Шударга мэдээ2023/11/08
Азийн хөгжлийн банк Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид санал...
-
Цаг үе2021/08/26
Нийслэлд 11 төрлийн халамжийг давхардсан тоогоор 1,088,314 хүн авчээ