Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар өмнөх өдрөөс сэрүүсэж Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэм, Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс сэрүүсэж 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө өмнөх өдрөөс сэрүүсэж 3-5 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс сэрүүсэж 1-3 хэм дулаан байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24, 26-нд тал, хээрийн нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст дулаарах боловч, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 27-ноос ихэнх нутгаар дулаарна.
Цаг үе
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаг үе
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

