Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 4. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Ус
Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн.
Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Цаг үе
Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-нийг хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2013 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 8-нээс эхэлнэ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ. Энэ хугацаанд баруун талын гүүрийг сөрөг урсгалаар ашиглах замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ” хэмээлээ.
Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад долоон метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил зургаан метрийн дор явагдана. Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулах юм. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.
Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ажил хүлээгдлийн зүйл гарахгүй. Тийм болохоор 60 орчим жил болсон хуучин гүүрийг буулгаж, шинэ гүүртэй болох ажилд иргэд маань хүлээцтэй хандаж, бидний ажлыг ойлгоорой. Шинэ гүүрний ажлыг маш шахуу хуваарийн дагуу яаравчлан явуулах болно” гэдгийг мөн онцолж хэллээ.
Цаг үе
Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлөөс барилгын гадна фасадыг манай орны эрс тэс цаг уурт тохируулж стандартыг үнэлж, дүгнэх үүрэг өгсөн.
Үүний дагуу “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Хяналт шалгалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хамтран өнөөдөр зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгээр Монгол Улс болон олон улсад барилгын фасад болон дулаалгын материалын хэрэглээ өнөөгийн байдлын судалгааг гаргаж, танилцуулсан юм.
Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдлын талаар НХШГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч С.Мөнхцэлмэгээс тодрууллаа.
Тэрбээр “Бид барилгын гадна фасад болон дулаан тусгаарлах материал үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын үр дүнд суурилан уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд барилгын гадна фасадын дулаалгын материал үйлдвэрлэдэг 48 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн. Үүнээс хөөсөн полистрол хавтан үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж олонх байдаг. Хяналт шалгалтаар аж ахуйн нэгжүүд барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Холбогдох тоног төхөөрөмжөөр баталгаажаагүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ лабораторид шинжлүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн. Түүнчлэн манай улсад барилгын гадна фасад болон дулаан тусгаарлах материалд хэрэглэгдэж байгаа тухайлсан норм, дүрэм байдаггүй. Тийм учраас тухайлсан норм, дүрмийн саналыг хэлэлцүүлгээс гаргаж, холбогдох газруудад хүргүүлэхийг зорьж байна” гэв.
Гэсэн ч манай оронд ихэвчлэн хэрэглэдэг барилгын гадна фасадын дулаалгын материал болох хөөсөн полистрол хавтангийн дундаж нягт, хэрэглээ болон барилга угсралтад ашиглаж буй технологийн хувьд олон улсын стандартад нийцдэг байна.
Мөн хөөсөн полистрол хавтангийн түүхий эд болох стирол үрлийг импортоор авч, 100 хувь дотоодын үйлдвэрт боловсруулж үйлдвэрлэдэг.
Цаг үе
Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Тео Бүүн Хий тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын ногоон хөгжлийг эрчимжүүлж, цахим, хүнд сурталгүй хотыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ хурдны тойрог зам, тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх LRT төсөл болон бусад цахим шийдлүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд дэлхийн ухаалаг хотуудын нэгдүгээрт жагсдаг Сингапур улсын арвин туршлагыг нутагшуулахад өндөр ач холбогдол өгч, хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ уламжлав.
Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Тео Бүүн Хий цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Ташрамд дурдахад, ирэх жил Монгол Улс, Сингапур улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо.
-
Улстөр нийгэм2020/01/06
Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Австрали Улс талархал илэрхийлэв
-
Урлаг спорт2024/09/25
Л.Мөнхтөрийн "Нутгийн зам нуруутай" уран бүтээлийн тоглолт болно
-
Улстөр нийгэм2024/10/23
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчи...
-
Цаг үе2021/11/28
Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна