Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 05-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, тал, хээрийн нутгаар салхитай, сэрүүхэн байна.
2025 оны зургаадугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 16-21 хэм, Эг, Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 19-21 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 06-наас 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 6, 8-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Цаг үе
Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байна
Тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2026 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-д заасан “Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, зөрчилтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Цаг үе
xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани АНУ-ын Миннесота мужийн хиймэл оюунаар бодит хүмүүсийн хуурамч нүцгэн зураг бүтээх технологийг хориглосон шинэ хуулийг эсэргүүцэн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Миннесота мужийн хууль энэ оны тавдугаар сард батлагдсан бөгөөд наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр товлогдсон байна. Уг хууль нь хиймэл оюуны тусламжтайгаар бодит хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг, дүрс бичлэг бүтээх боломж олгодог технологийг хязгаарлах зорилготой бөгөөд АНУ-д ийм төрлийн анхны зохицуулалтад тооцогдож байна.
Харин xAI компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зөвшөөрөлгүйгээр ийм төрлийн дүрс бүтээж түгээхийг хориглохыг эсэргүүцэхгүй ч шинэ хууль нь үүнээс хэтэрч, хууль ёсны болон зөвшөөрөлтэй контент хүртэл хамарч, хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдэд нэг зөрчил тутамд 500 мянган ам.долларын торгууль ногдуулах боломжтой гэж үзжээ. Мөн үйлчилгээ үзүүлэгчид хууль зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд чин шударгаар ажилласан тохиолдолд хамгаалах зохицуулалт байхгүй гэж мэдэгдсэн байна.
Миннесота мужийн Ерөнхий прокурор Кит Эллисон уг хуулийг хамгаалж, хиймэл оюунаар хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг бүтээх нь хүний нэр төр, сэтгэл зүй болон хувийн амьдралд ноцтой хохирол учруулдаг гэж мэдэгджээ.
xAI компани Грок хиймэл оюуны үйлчилгээнийхээ ашиглалтын нөхцөлд хүний хувийн нууцыг зөрчих, зөвшөөрөлгүйгээр хүний дүр төрхийг өөрчилж бэлгийн шинжтэй зураг бүтээхийг хориглодог бөгөөд ийм төрлийн зөрчил илэрвэл хэрэглэгчийн эрхийг хаах зэрэг арга хэмжээ авдаг гэж шүүхийн баримтдаа дурдсан байна.
Цаг үе
Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй контентын сөрөг агуулгыг хязгаарлахыг дэмжжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын Ерөнхий газартай хамтран “Соёл, урлагийн салбарын уран бүтээл, тоглолт, концерт, цахим орчинд түгээгдэж буй контентын хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох” зорилгоор 21469 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн дунд нээлттэй санал асуулга зохион байгууллаа.
Судалгааны үр дүнгээс харахад оролцогчдын дийлэнх нь өсвөр насны хүүхэд, залуучуудад чиглэсэн урлагийн тоглолт, концерт, цахим орчинд түгээгдэж буй контентын ёс зүй, нийгмийн хариуцлагыг сайжруулах шаардлага өндөр байна гэж үзжээ.
Оролцогчдын саналд нийтлэг дараах асуудлууд хөндөгдсөн байна.
Үүнд:
•Хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй дуу, дүрс, цахим контентод бүдүүлэг үг хэллэг, хүчирхийлэл, садар самуун, мансууруулах бодис, архидалт зэрэг сөрөг агуулгыг хязгаарлах
•Уран бүтээлчид, контент бүтээгчид олон нийтэд, тэр дундаа хүүхэд, залуучуудад үзүүлэх нөлөөгөө ухамсарлаж, ёс зүйн өндөр хариуцлагатай ажиллах
•Насны ангилал, агуулгын анхааруулгыг бодитоор хэрэгжүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн контентын хүртээмжийг нэмэгдүүлэх
•Цахим орчин дахь хүүхэд хамгааллын арга хэмжээг сайжруулж, эцэг эхийн дижитал боловсрол, хяналтыг дэмжих
•Хүүхэд, гэр бүл, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх хүмүүжил, эх оронч үзэл, ёс суртахуун, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх уран бүтээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Судалгаанд оролцогчид зөвхөн уран бүтээлчид бус, контент түгээгч платформууд, зохион байгуулагч байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалсан, ёс зүйтэй, аюулгүй мэдээллийн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж саналаа илэрхийлсэн байна.
Энэхүү судалгааны үр дүн нь хүүхдийн эрхийг хамгаалах, урлаг, соёлын салбарын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.
Соёл, урлагийн салбар нь нийгмийн үнэт зүйл, хүмүүжил, соёлын дархлааг төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй агуулга нь тэдний төлөвшил, зан төлөв, үнэт зүйлд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Иймээс төр, хувийн хэвшил, уран бүтээлчид, контент бүтээгчид, цахим платформууд, эцэг эх, иргэдийн хамтын оролцоо нь хүүхдэд ээлтэй, аюулгүй, ёс зүйтэй контентын орчныг бүрдүүлэхэд чухал хүчин зүйл болохыг судалгааны үр дүн харуулж байна.
-
Шударга мэдээ2024/03/18
Малын сэг зэмийг бүрэн устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж ба...
-
Урлаг спорт2020/11/28
“Uvertura” хамтлагийн онлайн тоглолт болно
-
Цаг үе2023/03/17
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
-
Улстөр нийгэм2026/05/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
