Цаг үе
Дэнжийн мянга орчмыг дулаанаар хангах 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станц барина
СБД-ийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 93 МВт хийн дулааны станц барина. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Тодруулбал, Дэнжийн 1000 орчимд буюу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа 1008 айлын орон сууцны урд хэсэгт 2 га газрыг чөлөөлж, 93 МВт-ын хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг төслийн нийт төсөв 100 орчим тэрбум бөгөөд НЗДТГ-аас 20 хувийг санхүүжүүлж, үлдсэн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрсдөө гаргах юм. Энэ онд багтаан уг төслийн олон улсын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн тулгамдсан асуудал бол дулаан хангамж. 1984 онд ТЭЦ-4 баригдсанаас хойш зөвхөн Амгалангийн дулааны станцыг барьсан. Тиймээс Эрчим хүчний яамтай хамтран Дулааны тавдугаар цахилгаан станц болон тархмал 10 эх үүсвэрийг барихаар ТЭЗҮ боловсруулж байна. Энэ хүрээнд Барилга угсралтын зураг төслийг “Ричвелл инженеринг” ХХК боловсруулж байна. Энэхүү станц ашиглалтад орсноор Дэнжийн 1000 орчмын орон сууцны дулааны хангамж шийдэгдэж, 7 дугаар нэгж хорооллыг дулаанаар хангана. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 170 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч байна. Орон сууцжуулалтаас гадна дулааны эх үүсвэрүүд хэрэгтэй учраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 оноос эхлэн 93 МВт-ын станц, Дамбадаржаагийн станц, Хан Хиллс хотхоны баруун талын станц, ТЭЦ-5, Эмээлтийн ДЦС зэрэг таван төслийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна Зайсан, Морингийн даваа зэрэг газруудад тархмал эх үүсвэрүүд байгуулна” гэлээ.
Цаг үе
Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байна
Тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2026 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-д заасан “Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, зөрчилтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Цаг үе
xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани АНУ-ын Миннесота мужийн хиймэл оюунаар бодит хүмүүсийн хуурамч нүцгэн зураг бүтээх технологийг хориглосон шинэ хуулийг эсэргүүцэн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Миннесота мужийн хууль энэ оны тавдугаар сард батлагдсан бөгөөд наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр товлогдсон байна. Уг хууль нь хиймэл оюуны тусламжтайгаар бодит хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг, дүрс бичлэг бүтээх боломж олгодог технологийг хязгаарлах зорилготой бөгөөд АНУ-д ийм төрлийн анхны зохицуулалтад тооцогдож байна.
Харин xAI компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зөвшөөрөлгүйгээр ийм төрлийн дүрс бүтээж түгээхийг хориглохыг эсэргүүцэхгүй ч шинэ хууль нь үүнээс хэтэрч, хууль ёсны болон зөвшөөрөлтэй контент хүртэл хамарч, хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдэд нэг зөрчил тутамд 500 мянган ам.долларын торгууль ногдуулах боломжтой гэж үзжээ. Мөн үйлчилгээ үзүүлэгчид хууль зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд чин шударгаар ажилласан тохиолдолд хамгаалах зохицуулалт байхгүй гэж мэдэгдсэн байна.
Миннесота мужийн Ерөнхий прокурор Кит Эллисон уг хуулийг хамгаалж, хиймэл оюунаар хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг бүтээх нь хүний нэр төр, сэтгэл зүй болон хувийн амьдралд ноцтой хохирол учруулдаг гэж мэдэгджээ.
xAI компани Грок хиймэл оюуны үйлчилгээнийхээ ашиглалтын нөхцөлд хүний хувийн нууцыг зөрчих, зөвшөөрөлгүйгээр хүний дүр төрхийг өөрчилж бэлгийн шинжтэй зураг бүтээхийг хориглодог бөгөөд ийм төрлийн зөрчил илэрвэл хэрэглэгчийн эрхийг хаах зэрэг арга хэмжээ авдаг гэж шүүхийн баримтдаа дурдсан байна.
Цаг үе
Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй контентын сөрөг агуулгыг хязгаарлахыг дэмжжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын Ерөнхий газартай хамтран “Соёл, урлагийн салбарын уран бүтээл, тоглолт, концерт, цахим орчинд түгээгдэж буй контентын хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох” зорилгоор 21469 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн дунд нээлттэй санал асуулга зохион байгууллаа.
Судалгааны үр дүнгээс харахад оролцогчдын дийлэнх нь өсвөр насны хүүхэд, залуучуудад чиглэсэн урлагийн тоглолт, концерт, цахим орчинд түгээгдэж буй контентын ёс зүй, нийгмийн хариуцлагыг сайжруулах шаардлага өндөр байна гэж үзжээ.
Оролцогчдын саналд нийтлэг дараах асуудлууд хөндөгдсөн байна.
Үүнд:
•Хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй дуу, дүрс, цахим контентод бүдүүлэг үг хэллэг, хүчирхийлэл, садар самуун, мансууруулах бодис, архидалт зэрэг сөрөг агуулгыг хязгаарлах
•Уран бүтээлчид, контент бүтээгчид олон нийтэд, тэр дундаа хүүхэд, залуучуудад үзүүлэх нөлөөгөө ухамсарлаж, ёс зүйн өндөр хариуцлагатай ажиллах
•Насны ангилал, агуулгын анхааруулгыг бодитоор хэрэгжүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн контентын хүртээмжийг нэмэгдүүлэх
•Цахим орчин дахь хүүхэд хамгааллын арга хэмжээг сайжруулж, эцэг эхийн дижитал боловсрол, хяналтыг дэмжих
•Хүүхэд, гэр бүл, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх хүмүүжил, эх оронч үзэл, ёс суртахуун, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх уран бүтээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Судалгаанд оролцогчид зөвхөн уран бүтээлчид бус, контент түгээгч платформууд, зохион байгуулагч байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалсан, ёс зүйтэй, аюулгүй мэдээллийн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж саналаа илэрхийлсэн байна.
Энэхүү судалгааны үр дүн нь хүүхдийн эрхийг хамгаалах, урлаг, соёлын салбарын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.
Соёл, урлагийн салбар нь нийгмийн үнэт зүйл, хүмүүжил, соёлын дархлааг төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй агуулга нь тэдний төлөвшил, зан төлөв, үнэт зүйлд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Иймээс төр, хувийн хэвшил, уран бүтээлчид, контент бүтээгчид, цахим платформууд, эцэг эх, иргэдийн хамтын оролцоо нь хүүхдэд ээлтэй, аюулгүй, ёс зүйтэй контентын орчныг бүрдүүлэхэд чухал хүчин зүйл болохыг судалгааны үр дүн харуулж байна.
-
Улстөр нийгэм2021/10/26
Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-ыг судлах ажлын ...
-
Улстөр нийгэм2021/07/29
“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна
-
Цаг үе2025/09/26
Хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрөөд ба...
-
Урлаг спорт2020/05/06
ГОЁ МЭДЭЭ: Австралийн нэгэн тосгон МОНГОЛ ЗУРААЧИЙН НЭРЭЭР АЛДАРШИЖ байна
